Шууд Chart

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

2025-06-16 21:11:21

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын  тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.

Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү захидалдаа,

“Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Монгол Улс нь Япон Улсын хувьд эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг бүс нутгийн орлуулшгүй түнш юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн дор бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид хоёр орны үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031)-т тулгуурлан хоёр орны харилцааг улам бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Эрхэмсэг ноён Тантай гар нийлэн бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсэж байна. 

Түүнчлэн энэ оны долдугаар сарын эхээр Япон Улсын Цог Жавхлант Хаан, Эрхэм Дээд Хатан нарын Монгол Улсад хийх айлчлал төлөвлөгдсөн, энэхүү түүхэн айлчлалаар манай хоёр улсын найрсаг харилцаа улам өргөжин батжих болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэсэн захидалдаа,

“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 70 жилийн турш олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж ирсэнд туйлын баяртай байдаг. Энэ нь Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 оны есдүгээр сард, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Вьетнам-Монголын хооронд иж бүрэн түншлэл”-ийн харилцааг албан ёсоор тогтоосноор нотлогдож байгаа билээ.

Вьетнамын Засгийн газар төдийгүй миний бие хувиасаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, хамтын ашиг сонирхолд нийцсэн энэхүү иж бүрэн түншлэлийн харилцааг үр өгөөжтэй, бодит агуулгаар баяжуулан цаашид улам бүр бэхжүүлэн хөгжүүлж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар болон Тантай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов баяр хүргэсэн захидалдаа,

“Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд чин сэтгэлийн баяр хүргэе.

Таны төрийн удирдах албанд ажилласан арвин их туршилга, алсын хараатай манлайлах чадвар тань улс орныхоо тогтвортой хөгжилд болон олон улсын тавцан дахь нэр хүндийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Казахстан Улс, Монгол Улсын найрамдал, харилцан итгэлцэлд суурилсан стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахаа нотолж байна” гэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин захидал илгээлээ.

Захидалд,

“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе.  

Та Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Орос, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Засгийн газрын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэл төгс байна. Энэ нь Орос, Монголын стратегийн түншлэлийн эрх ашигт бүрэн нийцэх билээ.

Эрхэм хүндэт ноён Г.Занданшатар Танд эрүүл энх, сайн сайхан, хариуцлагатай ажил албанд тань чин сэтгэлээсээ амжилт ерөөе” гэжээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Тэ Сон захидалдаа,

“Монгол Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Г.Занданшатар Танаа,

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Эрхэмсэг ноён Танд баяр хүргэе. Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын нийтлэг эрх ашигт нийцэн хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй буйгаа илэрхийлэхийн ялдамд улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөөх Таны хариуцлагатай үйл хэрэгт өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.


Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй