Шууд Chart

Ж.Одгарьд: Нэг өдрийн үйлдлээ хянахад дараагийн өдрийнх засагдаад явдаг

2025-06-11 08:30:05

Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу 2025 оны зургаадугаар сарын 11-ний буюу өнөөдөр тохиож байна. Бурхан багшийн их дүйчин өдрөөр МБШТ Гандантэгчэнлин хийдээс ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.

-Монголчууд Бурхан багшийн их дүйчин өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

-Жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиодог. Монголчууд түүхэн уламжлал болон орчин цагт Монгол Улсынхаа хууль дүрэм журамтайгаа нийцүүлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, амар тайван байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах нь зөвхөн төрийн үйл ажиллагаанаас гадна олон нийтийн оролцоо хамгийн чухал. Төрийн хатуу хууль цаазаар шийдэж болдоггүй зүйлийг ном сургаалаар олгож ирсэн.  Мөн монголчууд иргэдийнхээ оюун санаа боловсролыг шашнаар олгож ирсэн түүхтэй. Дэлхий дээр оршиж байгаа томоохон шашнуудаас аль нь манай улсад тохирох вэ гэдгийг ажиглаж шинжилж, бодит зүйлүүдийг хийж байсан. Ингээд өөрсдийнхөө ахуйн соёлдоо нийцэх шашнаа бүх нийтээр дагасан байна лээ.

Түүхэнд тэмдэглэгдсэнээр бурхны шашин гурван удаа төрийн шашин болгож, төрийн хэмжээнд анхаарал хандуулж, ард иргэдийнхээ сэтгэлийг засаж, амар тайван амьдарч оршин тогтож ирсэн байдаг. Энэ уламжлалаа оршин цагтаа хослуулах гэж оролдож, уламжлалаа сэргээж явж байгаа ард түмэн юм. Бурхан багшийн Их дүйчин өдрийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж, бүх нийтийн амралтын өдөр болгоно тэмдэглэнэ өнгөрүүлэх УИХ-ын шийдвэр гарсан. Үүнээс хойш өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон.

-Энэ өдрийг яагаад Бурхан багшийн их дүйчин өдөр гэж нэрлэсэн бол?

-Бурхан багшийн Их дүйчин өдөр бурхан багш эхээс мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг бүтээсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл тохиож байгаа учраас их дүйчин өдөр гэж нэрийдэж ирсэн. Бурхан багш амьд сэрүүн байхдаа сургаал айлдаж байхдаа их үйл явдал тохиолдсон 4-5 өдөр байдаг. Жишээлбэл, хаврын тэргүүн сард Тэрсүүдийг зургаан багш тэргүүтэй маш олон шашин дэлгэрсэн байсныг номоор мэтгэлцэж дийлсэн. Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр гэж байдаг. Эдгээр дотроос хамгийн ач холбогдол өндөр нь Бурхан багшийн их дүйчин өдөр юм.

-Бурхан багшийн их дүйчин өдрийг манайхаас өөр улс оронд тэмдэглэдэг юм болов уу?

-Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон улсын байдлыг эртнээс дагаж ирсэн. Тухайлбал, 1999 онд НҮБ-ийн ерөнхий чуулганаар Бурхан багшийн их дүйчин өдрийг хүн төрөлхтөн оюун санааны харилцаа, бидний хүсэж байгаа хүмүүнлэг, энэрэнгүй хүнлэг байх тухай үзэл сургаал бурхны сургаалд нэвт шингэсэн байна. Үүнийг бас хүндэтгэж, хүн төрөлхтний ололт амжилтын нэг хэсэг. Иймээс Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ийн гишүүн улс орон болгоно тэмдэглэн өнгөрүүлнэ. Агуулга нь баяр тэмдэглэх гээд байгаадаа биш. Хүн байхын утга учир, амьдралын зорилго, хүн амьдралынхаа хугацааг зөв өнгөрүүлэх ёстой.

Бусдын төлөө ямар хандлагатай байх, өөрөө юуг анхаарч эрдэм болгож эзэмших гэдэг талаас нь оюун санааны өдөр болгож тэмдэглэх хэрэгтэй. Жил бүр НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга уриалга гаргадаг. Бурхан багшийн их дүйчин өдрийг дэлхий нийтээр тэмдэглэнэ өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд Бурхан багшийн сургаал номлолыг авч ирсэн Азийн улсуудаас Монголчуудыг их ажиглаж байдаг юм уу гэж бид ойлгодог. Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг улс орон олон биш. Монголчуудын энэ хандлага дэлхий нийтэд урам өгсөн. Дэлхий нийт зөв шударга байх, сайн хичээдэг байх, найман зөв мөр, арван хар нүглээс ангид, арван цагаан буяныг зорьдог.

Энэ нь нэг өдөр төдий биш цаашлаад жилийн 360 хоногт хүн төрөлхтөн дайн дажингүй, тэмцэлдэх зүйлгүй нэг нэгнийхээ төлөө байх юм бол зөрчил гарахгүй. Зовлон бэрхшээл багасна. Бидний эрэлхийллийг дэлхий нийт харж байна. Бид олон улсад жишиг жишээ болно. Бид зарим сайн зүйлээр сайны жишээ болох боломж бий. Хүн төрөлхтний оюун санаа юунд зорьж байна, юунд чиглэж байна гэдгийг бид ажиглаж байна.

-Бурхан багшийн Их дүйчин өдрөөр жил бүр уриа гаргадаг. Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдрөөр ямар уриа дэвшүүлж байгаа вэ?

-Жил бүр Бурхан багшийн их дүйчин өдрөөр уриа дэвшүүлдэг. Тухайлбал, Эв нэгдэл, энэрэл нэгүүсэл сэтгэл, бусдыг хүндлэх, ёс суртахуунтай байх тухай агуулгыг бүхий уриа гаргадаг. Энэ жил “Амар амгаланг хамтаа түгээе” гэсэн уриаг олон нийтэд түгээж байгаа. Ганцаараа биш хамтаа аз жаргалтай оршино. Ганцаараа орших нэг ч зүйл байхгүй. Бүх зүйл нэг нэгэндээ хамаарч оршдог. Хамтаа “Амар амгаланг түгээе” амар тайван байхыг эрэлхийлье. Сэтгэлийн амар амгаланг олохыг хичээцгээе. Бидний амар амгалан гэж яриад байгаа зүйл сэтгэл дээр үндэслэж байдаг. Хүн бүр сэтгэлийн амьтан байна. Иймээс энэ уриаг дэвшүүлж байгаа.

МБШТ Гандантэгчэнлин хийд болон 21 аймгийн бүх сүм хийдэд хурал номын үйл ажиллагаа явуулна. Бүх соёлын газар болон аялал жуулчлал спортын газруудад олон нийтийн оролцоотой үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд ард иргэд идэвхтэй оролцоорой. Нэг өдөр архи тамхигүй хэрэглэхгүй. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хийж өнгөрөөх боломжтой байна. Үүнийгээ дагал болгохоор жилийн 360 хоногт сайн сайхан үйлийг хийх боломж бий. Нэг өдрийн үйлдлээ хянаж засахад дараа, дараагийн өдрийн үйл ажиллагаа засагдаад явах боломжтой юм. Яагаад гэвэл бурхны шашин үйлийн үрийн тухай ярьдаг. Үйлийн үрийн тухайн нарийн зүйлийг сургадаг. Нарийнаас нарийг нь тайлбарладаг. Өнөөдөр өчигдрийн үргэлжил, маргааш өнөөдрийн үргэлжил. Иймээс нэг өдөр гэсэн чухал юм.

Жилийн 360 хоногт мөнх юм шиг амьдарч байна. Мөнх бус үхэл ирнэ гэдгийг бодохгүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа тархи тамхинаас татгалзах хэрэгтэй. Амьтны амь таслахыг тэвчих хэрэгтэй. Нэг өдөр гэсэн хүн утгаараа орших чухал. Ингээд үзэхээр бидний оюун санаанд өөрчлөлт гарна. Оюун санаа өөрчлөгдсөн тохиолдолд нийгэм хөгжинө.

-Иргэдийн хувьд Бурхан багшийн их дүйчин өдрөөр цагаан хоол идэж, зул барих гэдэг ойлголттой байдаг. Ер эдгээр зүйлүүдийг хийх нь зөв үү. Ямар зүйл дээр анхаарах ёстой вэ?

-Зан үйл гэдэг чинь бидэнд ухамсарт үйлдэл төрхөд маш том түлхүүр болж байдаг. Иймээс эхлээд үйл, зан үйлээ зөв болгох хэрэгтэй. Тухайлбал, цагаан хоол иддэг. Монголчууд түүхэнд уламжил болон эрүүл мэндээ бодсон ч цагаан хоол иддэг байх хэрэгтэй. Та өөрийнхөө амар амгалан аз жаргалын чухалчилж байгаа бол зөв сэтгэл төрүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Өргөл өргөх талаар манай судлаачид эрдэмтэд маш олон талаас тайлбарлах байх. Миний хувьд өөрийн ойлгож мэдсэнээр бол тахил өргөж байгаа. Хамгийн түрүүлж бурхан, ном, хавирганд тахил өргөдөг. Үүнийгээ номын сахиус, зүг зүгийг тэтгэсэн сахиус нар, лус савдаг бүхэнд өргөдөг. Энэ нь гурван ертөнц зургаан зүйл, амьтны бүх орчныг багтааж байдаг.  Бид өглөө эх болсон зургаан зүйл олон амьтан амгалан байгаасай гэж цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Сав болсон дэлхий ертөнц, шүтэн оршиж байгаа шим болсон олон амьтан амар амгалан байгаасай гэж өөрт байгаа зүйлийнхээ эрдэм дээдийг өргөж байгаа. Цай бол бидний эрхэм дээд ундаа шүү дээ. Бүх зүйлээс эрхэм. Цайг өдөр болгон ууж байдаг болохоор чухал гэж боддоггүй байх. Бидний амьдрал дээр хэрэглэж байгаа хоолноос хамгийн эрхэм нь сүү, цай юм. Мөн усан тахил өргөдөг. Усыг чандмань эрдэнэтэй зүйрлэдэг. Энэ зүйлд хармын сэтгэл өчүүхэн үгүйгээр өргөж байгааг дээж өргөж байгаа гэж хэлж байгаа.

Орчин үед дээж өргөх байдал багассан. Зан үйл бидний сэтгэлийг засаж явдаг. Иймээс зан үйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тахилыг өргөснөөр буян хурааж байдаг. Буян гэдгийг маш энгийнээр тайлбарлахад төлбөрийн хэрэгсэлтэй адилхан. Буянтай хүний бие амар, ухаантай хүний сэтгэл амар гэдэг шүү дээ. Зул, тахил өргөж, мөргөж хийхээр буян хураадаг. Буян ихсэх тусам нөгөө талд байгаа хилэнц багасгаж байдаг. Ер нь буян хийнэ гэдэг чинь хүрээ хийдэд ном уншуулаад болох зүйл биш. Хамгийн гол зүйл санаа нь чухал. Бүх зүйлийг сайн сайхнаар бодож байх. Унтахдаа хүртэл сайн сайхныг бодож байх хэрэгтэй. Бид бурхны сургаалыг энгийнээр ойлгох чухал.

-Бурхан багшийн их дүйчин өдрөөр олон нийтийг хамарсан ямар үйл ажиллагаа явагдах вэ?

-Бурхан багшийн их дүйчин өдөр биеийн зүйлийг засах дээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Хамба номун хан нэг өдрийн сахил хүртээдэг. Үүнийг хүртэж аваад ном дагуу байх юм бол маш их буян хураана. Нэг үгээр хэлбэл нэг өдөр ламын амьдралаар амьдарч байгаа гэсэн үг. Мөн хурал номын өргөөнд ирж мөргөж буян хурааж болж болно. Мөн Сүхбаатарын талбай дээр хийгдэж байгаа иог, МБШТ Гандантэгчэнлин хийдээс бясалгалууд хийж байгаа. Үүнээс гадна энэ жилийн онцлог гэвэл төв талбайд сэтгэлийг эмчлэх таван асар гарч байгаа. Энэ цэвэр лав хуврагууд бясалгалын багш нар сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ж.Одгарьд: Нэг өдрийн үйлдлээ хянахад дараагийн өдрийнх засагдаад явдаг  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 42 минутын өмнө
Гадны орны юмийг шүүлтүүртэй авч нутагшуул.
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 43 минутын өмнө
Сэтгэл зүй философиос эхтэй
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 43 минутын өмнө
Бурхадын оронд дан жаргал
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 44 минутын өмнө
Энэ ертөнц бол тэнцвэрийн ертөнц. Жаргал зовлон ээлжлэхгүй зэрэг оршдог. Арга билэгийн ертөнц.
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 45 минутын өмнө
Аливаа орныг сул дорой болгохын тулд шашнаар нь оролддог
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 47 минутын өмнө
Хүнийг уламжлалт анагаахын түвшинд судалсан шашин бол буддизм
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 47 минутын өмнө
Будда шумер хүн учраас зарим номлол нь шумер биш хүнд тохирдоггүй.
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 49 минутын өмнө
Хүний заасан газар луу биш хуруу руу харж байсан тэнэг хүн болоход монголчууд ойртож
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 50 минутын өмнө
Ёс мэдэхгүй хүнд муу ёр халддаг
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 50 минутын өмнө
Шүгдэн буюу шарын шашин ядууруулдаг
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 50 минутын өмнө
Бурхан таны дотор буй
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 51 минутын өмнө
Цагаан хоолны өдөр. Лам нар туранхай ховдог биш байх ёстой. Мөнгө авах ёсгүй.
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 57 минутын өмнө
Монголд буддийн мухар сүсэг нь орж ирсэн
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 59 минутын өмнө
.......
Зочин [127.0.0.xxx] 19 цаг 59 минутын өмнө
Эзэн хичээвэл заяа хичээнэ

Бидэнтэй нэгдээрэй