Шууд Chart

Энэ сард ойрын 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрнэ

2016-11-15 12:07:43

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд,

Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл,

Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал,

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд,

Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал

Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны эхэнд яригдсан гол асуудал нь энэ өвөл ихэнх аймгуудад зуд нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай байлаа. Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс 17-25-ны өдрүүдэд сүүлийн 10 гаруй жилд 11 сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байгаа ажээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй аж.

Мөн арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, дулааны хангамжид хүндрэл учруулах онцгой нөхцөл байдал бүрдэж байгааг анхаарууллаа.

 

Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүнээс Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэйд тооцогдож байна. Цаашлаад 12 дугаар сард нутгийн хойд хагаст, 1-2 дугаар сард нутгийн зүүн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. 12 дугаар сарын 3 дугаар арав хоногоос хүйтний эрч нэмэгдэж, шинэ оны эхний сард Идэр, Тэсийн хөндий, Дархадын хотгороор -45-50 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см (нягт 0.10-0.30 гр/см3), Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал сум, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см (нягт 0.12-0.28 гр/см3)-т хүрсэн байна.

Онцгой комиссын хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нарын албаны хүмүүс оролцож байна.


Энэ сард ойрын 10 жилд тохиогоогүй цочир хүйтэрнэ  
Үзсэн: 1640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй