Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Жорж Клуни Венецийн олон улсын кино наадмын “Алтан арслан” шагналыг хүртэхээр болжээ. Шагналыг есдүгээр сарын 2-нд болох 83 дахь удаагийн Венецийн кино наадмын нээлтийн ёслолын үеэр гардуулна.
Клуни Венецийн кино наадамтай бараг 30 жилийн холбоотой. Тэрбээр 1998 онд Стивен Содербергийн “Out of Sight” киногоор анх тус наадамд оролцож байсан бол түүнээс хойш жүжигчин, найруулагчийн хувиар олон бүтээлээ Венецид танилцуулжээ.
2005 онд түүний найруулсан “Good Night, and Good Luck” кино Венецийн кино наадамд өрсөлдөж, улмаар Оскарын зургаан төрөлд нэр дэвшсэн. 2007 онд “Michael Clayton”, 2008 онд Брэд Питттэй хамтран тоглосон “Burn After Reading”, 2013 онд Сандра Буллоктой тоглосон “Gravity” зэрэг бүтээлүүд нь мөн Венецид нээлтээ хийж байв.
Венец хот Клунигийн хувийн амьдралтай ч нягт холбоотой. Тэрбээр 2014 онд хуульч Амал Аламуддинтай Венецид хуримаа хийсэн бөгөөд ёслолд гэр бүл, дотнын 100 орчим хүн оролцжээ.
Сонирхолтой нь Клуни 2025 онд Венецийн наадамд танилцуулсан “Jay Kelly” кинонд өөртэй нь төстэй алдарт жүжигчний дүр бүтээсэн. Тус кинонд түүний дүр насан туршийн амжилтын шагнал авахаар Итали руу аялдаг бол нэг жилийн дараа энэ үйл явдал бодит амьдрал дээр давтагдаж байна.
Шагналыг хүлээн авахдаа Клуни Венецийн наадмыг өөрийн хамгийн дуртай кино наадам хэмээн онцлоод, “Алтан арслан” хүртэх нь асар их нэр төрийн хэрэг гэдгийг мэдэгдсэн байна.
83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам есдүгээр сарын 2-12-нд зохион байгуулагдана.
| Америкийн жүжигчин Жорж Клуни “Алтан арслан” шагнал хүртэнэ | ||
| Үзсэн: 54 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.