Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг. Гэвч түүний бодит үнэ цэнийг зөвхөн алт, хүрэл эсвэл үйлдвэрлэлийн өртгөөр хэмжих боломжгүйг Ассошиэйтед Пресс агентлаг онцолжээ.
Оскарын шагналыг анх 1929 оны тавдугаар сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд болсон ёслолоор гардуулсан байна. Анхны ёслолд 270 орчим хүн оролцсон бөгөөд ердөө 10 гаруй минут үргэлжилсэн ажээ. Тухайн үед өнөөгийнх шиг дэлхий даяар телевизээр дамжуулдаг томоохон шоу бус, кино урлагийнхны оройн зоогийн үеэр болсон энгийн арга хэмжээ байв.
Өдгөө дэлхий даяар танигдсан Оскарын баримлыг MGM кино компанийн уран сайхны найруулагч Седрик Гиббонс зохион бүтээж, Лос-Анжелесийн уран барималч Жорж Стэнли гурван хэмжээст дүрс болгон урлажээ. Сэлэм барьсан хүлэг баатар кино хальсны дамар дээр зогсож буйгаар дүрслэгдсэн бөгөөд дамрын таван салаа нь Академийг үүсгэн байгуулсан жүжигчин, найруулагч, продюсер, техникч, зохиолч гэсэн таван салбарыг бэлгэддэг.
Оскарын баримал 34.3 см өндөр, 3.9 орчим кг жинтэй. Цул хүрлээр цутгаж, гадаргууг нь 24 каратын алтаар бүрдэг. Дэлхийн II дайны үед металл хомсдсон тул гурван жилийн турш баримлыг будсан гипсээр хийж байсан бөгөөд дайны дараа шагналтнуудын гипсэн баримлыг алтадсан метал хувилбараар сольж өгчээ.
Анхны Оскарын шагналтнуудын нэг нь Германы жүжигчин Эмиль Яннингс байсан бөгөөд тэрээр 1929 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Түүнээс хойш 3000 гаруй Оскарын баримал кино урлагийн шилдгүүдэд очжээ.
Харин баримлыг яагаад “Оскар” гэж нэрлэх болсон нь өнөөдөр ч бүрэн тодорхой биш. Хамгийн түгээмэл хувилбараар Академийн номын санч, хожим гүйцэтгэх захирал болсон Маргарет Херрик баримлыг хараад өөрийн авга ах Оскартай адилхан байна хэмээн хэлсэн гэдэг. “Оскар” нэр 1930-аад оноос түгээмэл хэрэглэгдэж, Академи 1939 онд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Хэдийгээр нэг баримлыг хийх өртөг 400 орчим ам.доллар боловч түүнийг энгийн үнэт эдлэл шиг зах зээлд хүссэн үнээрээ зарж болдоггүй. 1951 оноос хойш Оскар хүртсэн хүн болон түүний өв залгамжлагч баримлыг худалдах, бусдад шилжүүлэхээс өмнө Академид ердөө нэг ам.доллараар буцаан худалдаж авах боломж олгох ёстой.
Харин Оскарын төлөө өрсөлдөх кинонуудын сурталчилгаанд студиуд хэдэн арван сая ам.доллар зарцуулах тохиолдол байдаг. Шагнал хүртсэн уран бүтээлчийн нэр хүнд, цалин хөлс өсөх боломжтой ч Оскар авсан нь цаашдын амжилтыг баталгаажуулдаггүйг Ассошиэйтед Пресс тэмдэглэжээ.
Анхны 10 минутын даруухан ёслолоос эхэлсэн Оскар ийнхүү бараг нэг зууны дараа дэлхийн кино урлагийн хамгийн танигдсан бэлгэ тэмдгүүдийн нэг болжээ.
| Оскарын алтан баримлыг хүссэн үнээрээ зарж болдог уу... | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.