Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” ТББ, Япон Улсын донтох эмгэгийг сэргээн засах байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран “Мансууруулах бодисын хэрэглээ, пробацийн тогтолцоо ба донтох эмгэгтэй хүнд нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх” сургалтыг энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, донтох эмгэгтэй хүнд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний чиглэлээр олон улсын сайн туршлагыг судлах, энэ чиглэлээр ажиллаж буй хууль сахиулах болон холбогдох байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Сургалтын үеэр Япон Улсын мэргэжилтнүүд мансууруулах бодисын хэрэглээг бууруулах бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, пробацийн тогтолцооны онцлог, донтох эмгэгтэй хүнд үзүүлдэг сэргээн засах, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний туршлагаасаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Манай улс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Уг төсөлд хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгахын зэрэгцээ донтох эмгэгтэй хүнд сэтгэл зүй, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан юм.

Иймд энэхүү сургалт нь пробацийн тогтолцооны үйл ажиллагааг боловсронгуй болгох, донтох эмгэгтэй хүнд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг тогтолцооны түвшинд хөгжүүлэх, Япон Улсын сайн туршлагыг судалж, үндэсний бодлого, практикт нутагшуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Сургалтад Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Аддиктологийн төвийн ажилтан, алба хаагчид оролцож байна гэж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.

| Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр Япон улсын туршлагыг судалж байна | ||
| Үзсэн: 52 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.