
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн юм. Тухайлбал Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон. Мөн Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлөх, Аж ахуйн нэгжүүд түлш, шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх, С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлэх шийдвэрүүд гаргасан. Үүнээс гадна хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Товч мэдээ
- -Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
- “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Санамж бичиг нь 19 зүйлтэй бөгөөд хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх ач холбогдолтой бичиг баримт юм. Австрали Улс манай улсад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол, Австралийн олоборлох үйлдвэрлэлийн төсөл”, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжлийн тусламж үзүүлж байна.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчилж орон тооны дээд хязгаарыг 95 байхаар тогтов. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүлэв.
- Нялх, балчир хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
- Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг энэ сард, Монгол Улсын үндэсний спортын ууган мастер, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэх тухай тогтоол гаргалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурьт даалгав.
- Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5, 21.6, 21.7-д заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд удирдлага, менежментийн чиглэлээр Х.Чилаажавыг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д санал болгохоор тогтлоо.
- “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх юм.
Засгийн газар хуралдлаа | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.