Шууд Chart

Улс тунхагласны баяраар бүх нийтээр амардаг байхаар хуульд өөрчлөлт оруулаа

2016-11-18 15:07:42

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Харин УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын Ц.Мөнх-Оргилын гаргасан саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжлээ. Иймээс хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 87.8 хувь нь дэмжлээ.

 

Ингэснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.9.Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26” гэсэн дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцохоор болов. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд “76.1.9.Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26” гэсэн агуулгатай 76.1.9 дэх заалт нэмж байгаа юм. Эдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө.

1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон билээ. Тиймээс жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэдэг байв. Харин 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд тэмдэглэн өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлын ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсон талаар ард иргэд шүүмжилж, эрдэмтэн мэргэд байр сууриа илэрхийлдэг тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж, энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Хууль батлагдсанаар энэ жилээс эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож байгаа юм.

 


Улс тунхагласны баяраар бүх нийтээр амардаг байхаар хуульд өөрчлөлт оруулаа  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй