
Энэ сарын 14-18-ны хооронд 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Сингапур улсад зохиогдлоо. Тус тэмцээнд оролцохоор нийт 30 орны 232 тамирчин бүртгүүлсэн ба ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд гурван өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу авах боломжит 69 медалиас 27 медаль хүртлээ.
Мөн манай тамирчдын хувьд өсвөр болон бага насны ангиллын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба хамгийн өндөр цол болох Олон Улсын Их Мастерын болзлыг Н.Мөнхшүр, З.Цэцэгзул, Их Мастерын болзлыг Б.Ариунсанаа, Н.Энхшүр, Олон Улсын Мастерын болзлыг М.Төгөлдөр, Э.Лхагвадулам, Б.Ариунзаяа, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Н.Намуундарь нар хангаж цол хүртлээ.
Тус тэмцээнийг нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1 Алекс Мюллин тэргүүлсэн бол багийн нийлбэр дүн гарахад медалийн тоо болон чанараар Монголын баг тэргүүлсэн хэдий ч багийн оноо тооцох дэлхийн холбооны дүрмийн дагуу тухайн улсаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны оноог нэгтгэж дүн гаргаснаар манай баг Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт орлоо.
Манай улсын тамирчид олон улсын 41 тэмцээнд оролцож 566 медаль хүртсэн амжилтаар 2016 оноо үдэж байна. Мөн дэлхийн дээд амжилтийг оролцсон тэмцээн бүртээ шинэчлэн тогтоож байгаа юм.
Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж дэлхийн аваргаас медаль хүртсэнийг Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын олон улсын шүүгч Х.Хатанбаатар уламжиллаа.
Манай тамирчид дэлхийн таван дээд амжилтыг шинэчиллээ | ||
Үзсэн: 1948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.