Шууд Chart

Манай топ спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ сард болно

2017-01-03 09:03:36

"Рио-2016" олимпийн мөчлөг ард үлдэж, "Токио-2020" шинэ олимпийн мөчлөг эхлээд байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд тив дэлхийд эх орноо төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ долооо хоногт эхэлнэ. Өнөөдөр Монголын хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх бол 6-нд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Олимпийн их наадмыг бэртлийн улмаас тааруу дуусгасан МУГТ Дэлхийн хошой аварга С.Батцэцэг улсын аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бол 75 кг-ын жинд Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг өнжиж, энэ жингийн гол өрсөлдөгчдийн нэг дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт МУГТ О.Бурмаа оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Мөн 58 кг-ын жинд өнгөрсөн жил гайхалтай амжилтыг үзүүлсэн ОУХМ П.Орхон жин өгсөж магадгүй байна. Эрэгтэйчүүдийн хувьд 86 кг-ын жинд МУГТ Пүрэвжавын Өнөрбат барилдах бол 96 кг-ын жингийн гол тамирчин Ази тивийн аварга Д.Хүдэрбулга Улсын аваргыг өнжихөөр боллоо. Харин 125 кг-ын жинд улсын аваргад 13 түрүүлсэн ОУХМ Жаргалсайханы Чулуунбат оролцохгүй болсон байна. Энэ жинд Баянхонгорын Нацагсүрэнгийн Золбоотой хэн өрсөлдөх вэ гэдэг нь улсын аваргын нэгэн асуулт болж байна.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Харин залгуулаад 9-15-ны өдрүүдэд Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Ширэн бээлийтнүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд нэг удаа болдог. Тиймээс энэ онд тохиож байгаа дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид болон шигшээ багт сонгогдох тамирчдыг улсын аваргаас сонгож авах учир шилдгүүд бүгд оролцоно. Боксын улсын аварга өндөрлөөд энэ сарын 16-18-ны өдрүүдэд Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Ийнхүү оны эхэнд манай топ спортын төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд шил шилээ дараад болох тов гарчээ.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Манай топ спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ сард болно   
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй