Шууд Chart

Тоби Прайс хоёр дахь гараанд тэргүүллээ

2017-01-04 13:34:18

Бартаат замын хаан гэгддэг "Дакар Ралли-2017" уралдааны 2 дахь гараа Аргентин улсын Ресистенсиагаас Сан Мигүэл де Тукуман хүртэл 803 км замд үргэлжилсэн. Тэмцээний өнгөрсөн жилийн аварга, Австралийн КТМ багийн Австрали тамирчин Тоби Прайс өнөөдөр энэ цаг үеийн шилдэг нь болохоо батлан харууллаа. Австралийн алдарт тамирчин, өдгөө 29 настай Тоби Прайс 2 цаг 37 минут 32 секундын хугацаанд замыг туулж, мотоциклын ангилалд энэ жилийн эхний түрүүгээ хүртлээ. Түүний хувьд 2009 оноос хойш "КТМ" багийн төлөө хүчин зүтгэж байгаа юм. Харин дөрвөн дугуйтын төрөлд "Ямаха" багийн Аргентин тамирчин Пабло Копетти тэргүүлсэн бол авто машины ангилалд 42 настай Франц тамирчин Себастиен Лоеб хошуучиллаа.

Францын “Пьежо” багийн нэрт тамирчин, авто раллигийн 9 удаагийн дэлхийн аварга Себастиен Лоеб энэ өдөр 2 цаг 06 минут 55 секундын хугацаанд замыг туулж барианд оржээ. Харин ачааны автомашины ангилалд Францын өөр нэгэн шилдэг баг “Рьено” багийн нидерланд тамирчин Мартин ван ден Бринк тэргүүлсэн байна. 38 дахь удаагийн “Дакар Ралли” уралдааны дараагийн буюу 3 дахь гараа маргааш Сан Мигуэлээс Сан Сальвадор хүртэл 780 км замд үргэлжилнэ. Харин тэмцээний 12 гараа нийтдээ 8.782 км замд үргэлжилж, энэ сарын 14-нд 2017 оны дэлхийн аварга тодрох юм.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Тоби Прайс хоёр дахь гараанд тэргүүллээ  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй