Шууд Chart

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөлөө

2017-01-05 10:32:37

2017 оны Монголын спортын салбарын хамгийн эхний том тэмцээн болох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 16 байгууллага, клубын 150 орчим тамирчин оролцож, ур чадвараа сорьсон юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний насны доод хязгаарыг 12 болгож өөрчилсөн нь энэ жилийн тэмцээний гол онцлог байлаа. Мөн хүндийн өргөлтийн спортыг сонирхох тамирчдын нас залуужиж байгаа нь улсын аваргаас харагдаж байв. Мөн энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Аргентин улсад болох залуучуудын 3-р олимпийн наадамд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулахад чухал нөлөө үзүүлэхийг тэмцээний ерөнхий шүүгч олон улсын шүүгч Х.Ганболд онцоллоо.

Мөн энэ жилийн тэмцээн анх удаа оны эхэнд болж байгаа юм. Өмнөх жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарааас хойш болдог байсан. Оны эхэнд тэмцээн болж байгаа нь энэ спортын төрлийн тамирчдын хувьд тийм ч таатай үе биш гэж Хүч спортын хороооны дасгалжуулагч С.Хөхөө онцолж байсан юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр залуучууд насанд хүрэгчдийн улсын дээд амжилтыг олон удаа шинэчлэн тогтоож байлаа. Та бүхэнд зарим жингийн аваргуудыг танилцуулъя. Эмэгтэйчүүдийн 48 кг-д ТСБТСДС-ын тамирчин ОУХМ Б.Тунгалаг түрүүллээ. Тэрбээр улсын дээд амжилтыг 5 кг-аар ахиулсан юм. Мөн энэ жинд Дархан-Уул аймгийн тамирчин н.Саранжавхаа спортын дэд мастерийн болзол биелүүллээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д "Аврагч" СХ-ны тамирчин Ч.Нямзул алтан медаль хүртсэн бол 58 кг-д ТСБТСДС-ын тамирчин ОУХМ О.Баярцэцэг аваргын алтан медаль хүртлээ. 63 кг-ын жинд мөн ТСБТСДС-ын тамирчин ОУХМ Г.Анужин алтан медаль хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д "Алдар" СХ-ны тамирчин Г.Өнөболд, 62 кг-д "Хүч" СХ-ны тамирчин Э.Мөнхдөл, 69 кг-д "Алдар" СХ-ны тамирчин СМ Ч.Март, 77 кг-ын жинд "Алдар" СХ-ны тамирчин СМ Б.Оргилсайхан 85 кг-ын жинд "Аврагч" СХ-ны тамирчин Б.Цэнд-Аюуш, 94 кг-ын жинд "Алдар" СХ-ны тамирчин А.Амартөгс түрүүлээ. Түүний хувьд ийнхүү улсын аваргад 6 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм.

Ийнхүү 2016 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил манай тамирчид олон улсын чанартай зургаан том тэмцээнд оролцоно.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөлөө   
Үзсэн: 1898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй