Шууд Chart

Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв

2017-01-05 12:56:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв.

Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг шинэчлэн боловсруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсныг Та бүхэнд хүлээлгэн өглөө.

Зэвсэгт хүчний Жанжин штаб бол дэлхийн аль ч улс оронд цэрэг-улс төрийн шилэгдсэн мэргэжилтнүүд, цэрэг-стратегийн өндөр түвшинд бэлтгэгдсэн стратегичид ажиллаж, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх гол тулгуур нь болж байдаг билээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм бол төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг хангаж зохицуулах, тэднийг цэргийн мэргэжлийн нэгдсэн, дээд удирдлагаар хангахад баримтлах гол эрх зүйн баримт бичиг юм. Энэ дүрмийн дагуу Жанжин штаб- дан ганц ерөнхий зориулалтын цэрэг гэсэн хүрээнд биш хил, дотоодын цэрэг, онцгой байдал болон бусад хууль сахиулах байгууллагыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагаар хангахад анхаарах хэрэгтэйг тэмдэглэн хэлье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ талаар төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд хандаж, стратегийн чухал агуулгатай тодорхой санал, санаачилга дэвшүүлснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай юм.

Батлан хамгаалах багц хуулиуд батлагдсанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын чиг үүрэг, ажлын хамрах хүрээ илүү тодорхой болж, төрийн цэргийн командлал бие даасан бодлого явуулах боломж бүрдэж байгаа. Та бүхэн эх орныхоо аюулгүй байдлыг хангах үүргээ ямагт чандлан биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төрийн туг сүлд өнөд ивээж, цэргийн хүрээ үеийн үед батжих болтугай” гэлээ.


Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй