
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ
“Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал“ ерөнхий сэдвийн дор болж байгаа 47 дахь удаагийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өчигдөр эхэллээ. Анх төр засаг болоод бизнесийнхний яриа хэлэлцээ хийх талбар болгон 1971 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй. Өнгөрсөн 46 жилийн хугацаанд энэ чуулга уулзалтаар хэлэлцсэн сэдвүүд нь улс төрийн бус, харин санхүү эдийн засгийн хямрал, үнийн уналт, эрчим хүчний эх үүсвэрүүд, худалдааны саад тотгорууд гэх мэт олон улсын харилцаан дах эдийн засгийн асуудлууд зонхилж ирсэн. Гэвч энэ жил чөлөөт худалдааг үл дэмжихээ илэрхийлдэг Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Их Британи Европын Холбооны эгнээнээс гарах болсон, Франц, Германд удахгүй бүх нийтийн сонгууль болох гэж байгаа зэрэгтэй холбоотойгоор хэлэлцэх сэдвүүд нь улам бүр өргөжөөд байна.
Чуулга уулзалтын эхний өдөр л гэхэд өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар "Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал"-ыг тунхаглаж байсан. Энэ жилийн хувьд технологийг илүү өргөн хүрээнд дэлгэн танилцуулахаар байгаа ч давуу тал, боломжоос нь гадна учруулж болох хор уршиг аюул, заналхийллийн талаар идэвхтэй хөндөж хэлэлцэж эхэллээ. Мөн баян ядуугийн ялгаа улам ихэсч, үүнийг дагаад эсэргүүцэгчдийн хүрээ тэлж буй асуудлыг ч хөндөж байна. Давосын эдийн засгийн чуулганыг санаачлан зохион байгуулагч ч нээлтийн хуралдаан дээр энэ тухай хөндөж ярьж байлаа. Чуулга уулзалтаас өмнө дэлхийн эдийн засгийн форумын эдийн засагчид энэ онд гарч болох эрсдэлүүдийг тодорхойлсноо танилцуулсан бөгөөд дээрхи бүх асуудлуудыг эрсдэл хэмээн тодорхойлсон байгаа юм байна. Түүнчлэн Европт популист хөдөлгөөнийхөн хүч түрж эхэлж байгааг ч онцгойлон ярилцаж байлаа.
Энэ талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч, зохион байгуулагч Клаус Шваб “Бид бүхэн түүхийн тун ер бусын цаг үед энд уулзацгааж байна. Бид бүхэн бизнес загварууд, эдийн засаг, нийгэм улс төрийн гээд бүхий л салбарын гүн, бүр заримдаа нураан сүйтгэчих чадалтай өөрчлөлтийн дунд байна. Болж байгаа бүхнийг үзэх гэж бус өөдрөг эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийг хүсч байна. Нийгмийн интеграчлалын тухай, залуу үеийнхэндээ ажлын байр нэмэгдүүлж өгөх талаар хэлэлцэхийг хүсч байна. Эхний ээлжинд бид ирээдүйдээ итгэх итгэлтэй болох хэрэгтэй. Заримдаа энэ дэлхий хэт гутранги үзэлтнүүд, увайгүй авирлагчдаар хэт дүүрсэн мэт санагддаг ч бид ирээдүйдээ бүрэн итгэлтэй байх ёстой” хэмээсэн юм.
Жил бүр зохион байгуулдаг энэ чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон зарим орны удирдагчид тус чуулганыг санаачлагч, зохион байгуулагч Клаус Швабын урилгаар оролцож байна.
Урилгагүй бөгөөд гэнэтийн зочдыг Давос хүлээн авдаггүй
Нэг зүйлийг онцлоход урилгагүй бөгөөд гэнэтийн зочдыг Давос хүлээн авдаггүй. Бас эсэргүүцлээ илэрхийлэн урилгаа цуцлах тохиолдлууд байдаг. Энэ жил л гэхэд Латвийн өмнөх төрийн тэргүүнийг нь огцруулсны дараа нь шинээр болсон тус улсын ерөнхийлөгчид Давосынхон урилга илгээгээгүй байна. Харин 2014 онд Киевт хүчирхийлэл үймээн ихэссэнтэй холбоотойгоор Украины Ерөнхий сайдад илгээсэн урилгаа цуцалж байсан жишээ ч бий.
Монгол Улсын тухайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцох юм.
Ер нь эдийн засгийн чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцож улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтойд тооцогддог. Давосын чуулга уулзалт өмнө нь Монгол Улсыг таниулах зорилготой байсан бол 2014 оноос идэвхтэй түнш нь болсон. Авлигын эсрэг асуудал, засаглалын асуудал, усны асуудал, хариуцлагатай уул уурхайн болон бусад асуудлаар Монгол Улс маш маш санаачилгатай, идэвхтэй оролцож Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад орон зайгаа баттай эзэлж байгаад баяртай байгаагаа санаачлагч, зохион байгуулагч Шваб илэрхийлж байлаа.


Урилгагүй бөгөөд гэнэтийн зочдыг Давос хүлээн авдаггүй | ||
Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.