Шууд Chart

Хүүхэд хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ

2013-11-01 16:36:21

Ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийг хулгайлдаг байсан олон улсын гэмт сүлжээг Италид илрүүлсэн байна. «Коррьере делла сера» сонины онлайн хувилбарт мэдээлснээр, хүүхдүүдийг хулгайлж, хууль бусаар зөөвөрлөдөг байсан долоон хэрэгтнийг баривчилжээ. Тэд гэр бүл цуцлах явцад хүүхдийг нь нөгөө талын асрамжид үлдээх  шүүхийн шийдвэрт дургүйцсэн эцэг эхчүүдийн  захиалгаар хүүхдүүдийг хулгайлж, хил давуулдаг байжээ. Гэмт бүлэглэлийнхэн Сицили, Палермо, Капачи хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг байж.  Тэдний дунд олон улсын зэвсэгт хүчний тусгай хүчинд алба хааж байгаад чөлөөндөө гарсан алба хаагч, Сөүлийн Олимпийн хүрэл медальт, украины тамирчин байсан Лариса Москаленко нар байсныг тогтоожээ. Сицильд бүртгэлтэй тансаг завины түрээсийн компани эзэмшдэг Москаленко гэх этгээд хулгайлагдсан хүүхдүүдийг далайгаар хууль бусаар зөөвөрлөхөд завинуудаа багтай нь хамт гаргаж өгдөг байсныг  шалгалтын баримтад дурдсан байна. Тус гэмт бүлгийн сүлжээг зохион байгуулагч гол эзэн нь “ABP World Group” нэртэй гэрээний агентлагийг үндэслэгч Норвегийн иргэнийг сэжиглэж байгаа ажээ. Олон улсаас янз бүрийн улсын иргэний харьяалалтай хүүхдүүдийг хулгайлдаг энэ бүлэг Сицилийг гол дамжлага баазаа болгодог байжээ.


Хүүхэд хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй