Шууд Chart

Инфляци сэрлээ

2017-02-10 16:48:16

Инфляци буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 2013 оноос өмнө эрх баригчид төдийгүй монголчуудын толгойны өвчин байсан. Үүний гол шалтгаан нь шатахуун болон махны үнэ хөөрөгдөхөд инфляци дагаад өсдөг жишиг манай улсад бий. Харин өнгөрсөн жилүүдэд инфляци өсдөгийг мартах шахаж. Тодруулбал, 2013 оны эхний улиралд мах болон шатахууны үнэ өсөлттэй гарч улмаар инфляцийг өмнөх онтой харьцуулахад 14 хувьтай байсан юм. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан судалгаагаар өнгөрсөн оны жилийн эцэст өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын хэмжээнд 1.1 хувьтай гарсан. Үүнээс харахад 2015-2016 оны хооронд гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ бараг хөдлөөгүй байна гэж хэлж болохоор байна.

Харин энэ оны хоёрдугаар сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станц бүтээгдэхүүнийхээ үнийг 80-150 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь унтаж байсан инфляцийг сэрээх дохио болов. Мөн махны үнэ ч өдөр ирэх тусам аажмаар нэмэгдэж байгаа нь ташуур болж байна. Ингээд оны эхний хоёрдугаар сарын дүн мэдээг таамаглахад инфляци тодорхой хувиар өсөхөөр байгааг эдийн засагчид онцолж байна.

Одоо бидэнд "унтаж" байсан инфляцийг хэн сэрээв гэдэг асуулт гарч ирнэ. Магадгүй зарим хүн төр засгийн буруугаас боллоо гэж ам уралдан ярих байх. Гэвч бодит байдал арай өөр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн буруу үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй зах зээлийн хууль гэж ойлгох нь үнэнд ойртох дүгнэлт болохоор байна. Одоогоос яг жилийн өмнө дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 35-37 америк доллар байсан. Харин өнөөдрийн байдлаар 53-55 америк доллар болоод байна.

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлж байгаагаар 2017 оны нэгдүгээр сард шатахууны импортын үнэ өмнөх сарынхаас 41-60 ам.доллараар өсчээ. Үүнтэй холбогдуулж газрын тосны худалдаа эрхэлж байгаа компаниудын гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газар нэгдүгээр сард шатахууны онцгой албан татварын хэмжээг 30-130 мянган төгрөгөөр бууруулсан юм. Шатахууны хилийн үнэ өсөхөд гадаад зах зээл, валютын ханшийн өсөлт нөлөөлж байгаа гэдгийг салбарын яам онцолж байна.

Монгол Улсын хувьд 2016 онд нийт 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон бөгөөд үүнээс 94 хувийг нь ОХУ-аас авчээ. Мөн дийлэнх хэсгийг буюу 800 мянган тонныг нь “Роснефть” компаниас импортлосон байна. Тиймээс ОХУ-ын газрын тосны ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөө үзүүлнэ гэсэн үг юм.

ОХУ-ын хувьд ОПЕК-ийн гишүүн орнуудын хамтаар газрын тосны бүтээгдэхүүний гарцаа бууруулах замаар үнийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж. Үүнтэй холбогдох тохиролцоог өнгөрсөн 12 дугаар сард эцэслэн гаргаж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь манай улсын жижиглэнгийн үнэд нөлөөлж эхлэх нь тэр.

Цаашид хэрхэх бол... Импортын хэрэглээтэй манайх шиг улсад нэг найдлага байгаа нь нефтийн бүтээгдэхүүний гол тоглогч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний салбар дахь хориг саадыг багасгаж, газрын тос олборлолтыг тогтворжуулахаа мэдэгдсэн явдал юм. Энэ нь цаашид газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтворжих нэг нөхцөл болно гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Инфляци сэрлээ  
Үзсэн: 3051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй