
УИХ-ын чуулганы өчигдрийн /2017.02.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уншиж танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо 2017 оны хоёрдугаар сарын 07, 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.
Төслийн 5.1 дэх хэсэгт “банк нь” гэсний дараа “үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж, төслийн 8 дугаар зүйлд “экспорт, импортын санхүүжилт хийх” гэсэн 8.1.9 дэх заалт, 19.2 дахь хэсгийн “хувьцаа эзэмшигч” гэсний дараа “нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож,” гэж, 20 дугаар зүйлд “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гаргасан саналынхаа төлөө Компанийн тухай хуулийн 84.8, 84.9 дэх хэсэг, 85 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ." гэсэн 20.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлд “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах” гэсэн 23.1.7 дахь заалт тус тус нэмэх, түүнчлэн хуулийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх тухай зүйл төсөлд нэмэх саналуудыг тусгасан байна.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар төслийн 5, 6, 7, 8, 10, 18, 19, 21, 22, 23, 25, 28 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёоллууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн дээрх саналын томъёоллуудаар санал хураалт явуулан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасны дагуу нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн 25.1, 25.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк батлах, Монголбанкны хянан шалгагч Хөгжлийн банкинд хяналт тавих тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 2 дэх зүйлтэй нийцүүлэх шаардлагатай болсон байна.
Дээр дурдсан зөрчлийг арилгах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын горимоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудтай нийцүүлэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулийн төслүүдийг баталлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.