Азийн Өвлийн спортын 8-р наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-өөс 26-ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд нийт 32 орны 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.

Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв.
“Азийн Олимпийн зөвлөл Саппорог өвлийн наадмын “гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн Шэйх Ахмад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм. Азийн Өвлийн наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онуудад дараалан зохион байгуулж байсан билээ.
Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн аварга Масахико Харада асаасан бөгөөд тэшүүрийн төрөлд мөн тухайн олимпод аваргалж байсан Х.Шимизу тэргүүтэй 4 тамирчин буухиалан цэнгэлдэхэд заллаа. Тамирчдын жагсаалаар эхэлсэн нээлтийн үйл ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэр зэргээр үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулан концертоо толилуулснаар өндөрлөлөө.
7 хоногийн турш авхаалж самбаагаа сорих азийн шилдэг тамирчид 5 спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
АНХДАГЧИД БОЛОН ХОЦРОГСОД: Энэ удаагийн Азийн наадамд нийт 32 улсын тамирчид оролцож байгаагаараа дээд амжилтыг тогтоосон. Тэгвэл нийт 5 улс өвлийн наадамд "дебют"-ээ хийж байна. Эдгээр улсууд бол Индонези, Шри Ланка, Тимор-Лесте, Туркменистан болон Вьетнамын баг тамирчид юм.
Тэднээс гадна Австрали болон Шинэ Зеландын тамирчид зөвхөн ганцаарчилсан төрөлд урилгаар оролцож буй. Урилгаар гэдэг нь тэд медаль хүртэх боломжгүй гэсэн үг. Өнгөрсөн наадамд оролцсон улсуудаас Афганистан, Бахрайн болон Палестинаас тамирчид оролцсонгүй. Харин өмнөх наадмыг алгассан БНАСАУ болон Макаогийн тамирчид эргэн иржээ.
АНХНЫ АВАРГУУД ТОДРОВ: Азийн Өвлийн Наадмын анхны аваргууд тодорч, нээлтийн ажиллагааны үеэр медалиа гардан авлаа. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн сноубордын жиант слаломын төрлийн медальтнуудад Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Сабах Ал Фахад болон Зохион байгуулах хорооны дарга, хотын захирагч К.Акимото нар шагналыг нь гардуулсан юм.

Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн Японы тамирчин Эри Янетани энэ наадмын анхны алтан медальтан болсон юм. Тэрээр 1 минут 43,47 секундын амжилтаараа Хятадын хослол болох Ж.Рушин болон Г.Найянг нарын урд оржээ. 2014 оны Сочигийн олимпийн наадамд гэмтлийн улмаас оролцож чадаагүй Янетани өнгөрсөн 4-р сард өвдөгний хагалгаанд орж, сүүлийн үед тийм ч сайн формгүй байсан ч нутагтаа анхны алтыг нь авчирч чадлаа.
Харин эрэгтэйчүүдийн төрөлд БНСУ-ын хослолын урд гишгэх тамирчин гарсангүй. БНСУ-ын тамирчин Ли Сан Хо алтан медаль хүртэж, түүнээс 88 долиор хоцорсон Чой Бо Гун мөнгөн медалийн эзэн болжээ. Харин хүрэл медалийг Японы тамирчин Шинносуке Камино хүртжээ.
МОНГОЛЫН БАГИЙН "УНИВЕРСАЛ" ТУГЧ: Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол улсын тугчаар биатлоны шигшээ багийн тамирчин Э.Бархүү ажилласан юм. Энэ жил 30 настай Э.Бархүү гүйлтийн цанын ОУХМ хэдий ч биатлоны спорт руу 2013 оноос эхлэн “урвасан” нэгэн. Гэхдээ 2002 онд өсвөрийн ангилалд анх удаа зохиогдсон тэмцээнд хүч сорьж, хүрэл медаль хүртэж байсан ч тууштай хичээллэх боломж гарахгүй байсаар өдий хүрсэн талаар тэрээр дурсаж байлаа.

Э.Бархүү он гарснаас хойш амжилт арвинтай байгаа бөгөөд Польшийн Душики-Здруй хотноо явагдсан IBU-ийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд өрсөлдөн, 127 тамирчнаас 93-р байрт орж, ардаа 30 гаруй тамирчин оруулсан нь өндөр амжилт болсон юм. 2011 онд Казахстан улсад болсон Азийн 7-р өвлийн наадамд Э.Бархүү оролцож байсан. Тэрээр цанын зүг чиг олох төрөлд өрсөлдөж 4-р байрт шалгарч байсан нь сонирхолтой. Дашрамд дурдахад, Э.Бархүү энэ наадамд оролцож буй биатлончдоос ганцаараа шовх хараатай буутай гэдгээрээ онцлогтой гэнэ. Бусад тамирчид нь цагариган хараатай буугаар бууддаг ажээ.
ХОККЕЙЧИД ЭХНИЙ ХОЖЛЫНХОО ТӨЛӨӨ: Саппород Монголын баг тамирчдын салхийг хагалан дэвжээнээ гараад буй хоккейн баг 2 дахь тулаанаа өнөөдөр 14:00 цагт хийх гэж байна. Энэ удаад манай багийн өрсөлдөгч нь Сингапурын баг байх болно. Эхний тулаанаа Тайландын багтай хийж, харамсалтайгаар 4:5-аар хожигдсон манай багт ялалт зайлшгүй хэрэгтэй.
Өнгөрсөн жилийн "Челленж цом"-ын тэмцээнээс хүрэл медаль хүртэхдээ манай баг Сингапурыг хожиж байсан удаатай. Сингапурчууд эхний тоглолтдоо Хонгконгийн багт 12:1-ээр хожигджээ. Хоккейн Б дивизионд манай баг Сингапур, Тайландаас гадна Тайван, Хонгконг, АНЭ-ын багуудтай тоглох учиртай. Багууд тойргоор тоглон байраа тодруулах юм. Тоглолт Улаанбаатарын цагаар 14:30-д явагдана.
МҮОХ-ны Хэвлэл мэдээллийн алба
| Азийн Өвлийн спортын 8-р наадмын эхний өдрүүдийн ТОЙМ | ||
| Үзсэн: 1140 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.