Шууд Chart

Японы эрдэмтэд хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулдаг бугуйвч зохион бүтээжээ

2017-02-22 09:06:07

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа техник технологийн шийдлийг агуулсан тоглоомын үзэсгэлэнд Япон улсын эрдэмтэд нэгэн сонирхолтой бүтээлийг танилцуулсан байна. Тус улсын "Dmet Products" компани хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулах чадвартай “Бийтмүүвз” хэмээх бугуйвчийг зохион бүтээжээ. Энэ бугуйвчаар ямар ч хүн, хаана ч гэсэн хүссэн аяыг өөрийн хөдөлгөөнөөр удирдан гаргах боломжтой юм байна.

Тодруулбал, резинэн зөөлөвчтэй гарын бугуйнд зүүх зориулалттай бугуйвчийг өөрийн ухаалаг утастайгаа холбосноор удаан, хурдан, уянгын гээд төрөл бүрийн хэмнэлийг зөвхөн өөрийн биеийн хөдөлгөөнөөр л гаргах юм байна. Тэр бүү хэл, нэг хүн хоёр гартаа болон хоёр хөлөндөө дөрвөн ширхэг "Бийтмүүвз" бугуйвчийг зэрэг зүүж дөрвөн өөр төрлийн аялгууг хослуулан тоглох боломжтой гэж зохион бүтээгчдийн зүгээс онцолсон байна. Одоогийн байдлаар 400 орчим хөгжмийн аялгууг энэ бугуйвч нь ухаалаг утасны тусламжтайгаар тоглуулах чадалтай юм байна. Хүний биеийн хөдөлгөөний хэмнэлийг өндөр түвшинд хүлээн авч ямар ч саадгүй ая гаргаж байгаа энэхүү бугуйвч нь тус үзэсгэлэнг сонирхон ирсэн зочдын анхаарлыг ихээр татжээ.

"Бийтмүүвз" бугуйвчийг ирэх наймдугаар сард хосоор нь 60 ам.доллараар худалдаанд гаргах юм байна. Харин үзэсгэлэнгийн хувьд өнгөрөгч ням гарагаас эхэлсэн бөгөөд нийтдээ 4 хоног үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эрдэмтэд хүний биеийн хөдөлгөөнөөр ая тоглуулдаг бугуйвч зохион бүтээжээ   
Үзсэн: 2071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй