
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар уригдсан Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах нэг жилийн хугацаатай гэрээ байгууллаа.
Дэлхий дээрх хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Майкл Вайссыг гадаадын олон мэргэжилтнүүд дундаас ур чадвар, Ази тивд ажилласан туршлага зэргийг харгалзан сонгосон байна.
Ханс Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин Улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, 2013 он гэхэд 127 хүртэл өсгөн, өндөр амжилт үзүүлсэн юм. Түүнчлэн Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.
Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах ба өчигдөрөөс эхлэн шигшээ багийн дасгалжуулагчдын албанд хүчин зүтгэж эхэллээ.
Ханс Майкл Вайсс ирэх долдугаар сард Тайландад зохиогдох Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ багийг удирдан оролцож, анхны албан ёсны тэмцээндээ хүч үзнэ. Манай шигшээ баг тус тэмцээнд Тайланд, Индонез, Малайз гэсэн хүчирхэг улсын багтай 19, 21, 23-ны өдөр тоглох хуваарьтай байгаа.
Монголын аль ч спортод гадны мэргэжилтэн, дасгалжуулагч, зөвлөх шаардлагатайг олон жил ярьж байв. Удахгүй чөлөөт бөхийнхөн гаднаас нэгээр тогтохгүй дасгалжуулагч урьж ирүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
Сагсан бөмбөг, жүдо бөхийн төрөл ч мөн адил гадаад дасгалжуулагч ажиллаж байсан. Сайн баг, шилдэг тамирчин, өндөр амжилтын төлөөх спортын чиг зорилгод орчин үеийн сургалт, дасгалжуулалт, шинжлэх ухаанч, шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх нь Монголын спортын салбарын зорилго байх ёстой. Үүний нэгэн том жишээ болж, үүд хаалгыг нь нээн өгч буй хөлбөмбөгийн спортын хөгжил шат ахих нь дамжиггүй.
Монголын хөлбөмбөгийн холбоотой Герман мэргэжилтэн гэрээ байгууллаа | ||
Үзсэн: 1490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.