
Португалийн алдарт хөлбөгчин Криштиану Роналдугийн төрсөн газар Майдера арлын нисэх онгоцны буудлыг түүний нэрэмжит болгож, Роналдугийн хүрэл хөшөөг босгожээ. Португалийн шигшээ багийн ахлагч, Испанийн эзэн хааны алдарт Реал Мадрид клубын шилдэг довтлогч Криштиану Роналду до Сантос Авейру 1985 оны 2-р сарын 5-ны өдөр Фанчал хотын Мадейра аралд мэндэлж байсан билээ. Түүний төрсөн Майдера арлын нисэх онгоцны буудлын нэрийг “Airport Cristiano Ronaldo"буюу Криштиану Роналду нисэх онгоцны буудал хэмээн нэрийдэх болж, тухайн газартаа Роналдугийн толгойн хэсгийн хүрэл хөшөөг байрлуулсан байна. Өнөөдөр Мадейра арлын нисэх онгоцны буудлын нэрийг Роналдугийн нэрээр нэрлэх ёслолын ажиллагаа болж, тэрээр өөрийн биеэр оролцсон байна. Энэхүү шийдвэрийг Португал улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар санаачлан гаргасан байна.
Нисэх онгоцны буудлын дотор Ронын толгойн хэсгийн хөшөөг байрлуулсан бол гадна талд нь түүний бүтэн биеийг урласан хөшөөг мөн сүндэрлүүлжээ. Мадейра арлын шилдэг уран барималч Эмануэл Сантос Роналдогийн толгойн хэсгийг дүрсэлсэн хөшөөг 15 өдрийн турш урлан бүтээсэн байна. Энэ 7 хоногт Роналду өөрийн мэргэжлийн замналынхаа 600 дахь гоолоо оруулсан бөгөөд шигшээ багуудын түүхэн дэх шилдэг 10 мэргэн буучийн нэг болсон. Мөн энэ 7 хоногт өөрийн төрөлх нутагтаа Шведийн эсрэг гоол оруулсантай зэрэгцээд Роналдугийн төрсөн газрын нисэх буудлыг түүний нэрээр ийнхүү нэрийдэх боллоо.
Тэрээр энэ үеэр олон нийтэд хандан: “Та бүхэнд баярлалаа. Би энд байгаадаа маш их баяртай байна. Би үргэлж өөрийн эх орон Португал улс, төрөлх Мадейра арал, үндэс угсаагаараа бахархаж ирсэнийг та бүхэн мэднэ.Төрсөн газрын маань нисэх буудал миний нэрэмжит болж байгаа нь үнэхээр бахархууштай. Өнгөрсөн 2016 он болон энэ жил миний амьдралын онцгой, оргил жил болж байна. Мартагдашгүй сайхан зүйл үнэхээр их тохиож байгаад итгэж чадахгүй нь. Энэ арлын гудмуудаар олон зуун хүүхдүүд хөлбөмбөг тоглож, хэзээ нэгэн цаг Роналдо шиг болохыг хүсч байгаа. Энэ үйл явдал тэдгээр хүүхдүүдэд Роналду ч мөн адил энд л хүн болсон гэдгийг дахин сануулж байна.” хэмээжээ.
Мадейра арлын онгоцны буудал Роналдугийн нэрэмжит боллоо | ||
Үзсэн: 1738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.