
Германы алдарт хөлбөмбөгчин Бастайн Швайнштайгер АНУ-ын Чикаго хотноо хүрэлцэн ирж, шинэ багийнхаа хамтаар анхны бэлтгэлдээ гарсан байна. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын дээд лигийн тэмцээн бую Мэйжор лиг Соккер тэмцээний “Чикагор Файер” багтай албан ёсны гэрээ байгуулсан алдарт хөлбөмбөгчин Бастайн Швайнштайгер өчигдөр АНУ-д хүрэлцэн ирж, багийн хөгжөөн дэмжигчид нь халуун дотноор угтан авсан байна. Өнөөдөр тэрээр багийнхаа хамтаар анхны бэлтгэлдээ оролцсон байна. Түүний хувьд Германы алдарт “Байерн Мюнхен”, Английн “Манчестер Юнайтед” зэрэг дэлхийн хэмжээний шилдэг багуудад тоглож байсан тамирчин билээ. Өдгөө 32 настай Швайнштайгер шинэ багийн удирдлагуудтайгаа нэг жилийн гэрээг байгуулаад байгаа юм. Түүний хувьд ингэснээр АНУ-ын лигт ирж байгаа хамгийн алдартай Герман хөлбөмбөгчин болж байгаа юм. Харин Английн “Манчестер Юнайтед” клубт тоглож байсан тамирчдаас өмнө нь алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем АНУ-ын Мэйжор лигт хүрэлцэн ирж, тоглож байсан билээ. Швайнштайгер өөрийн эхнэр Ана Ивановичийн хамтаар АНУ-д хүрэлцэн ирсэн байна. Сербийн алдарт тамирчин Ана Ивановичийн хувьд нэгэн цаг үед мэргэжлийн талбайн теннисний дэлхийн чансааг тэргүүлж байсан шилдэг теннисчин юм. Швайнштайгерийн шинэ баг “Чикаго Файер” дөрөвдүгээр сарын 1-ний өдөр “Монреаль Импакт” клубыг өөрийн талбайдаа хүлээн авах юм байна.
Швайнштайгерын хувьд Германы “Байерн Мюнхен” клубын хамтаар 2013 онд ЕХХ-ны “Аваргуудын лиг” болон Супер цомд түрүүлж байсан бөгөөд Германы “Бундес лиг”-т 8 удаа, Германы цомын АШТ-д 7 удаа, Германы Супер цом болон Лигийн цомын тэмцээнүүдээд тус бүх 2 удаа, Клубуудын ДАШТ-д нэг удаа түрүүлж байсан. Мөн Германы шигшээ багийн хамтаар 2014 онд дэлхийн аварга болохын зэрэгцээ, ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байсан нэрт хөлбөмбөгчин билээ.
Тэрээр АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын багт ирээд олон нийтэд хийсэн эхний хэвлэлийн бага хурлын үеэрээ “Манчестер дахь өдрүүд бол үнэхээр тэвчээр шалгасан цаг үе байлаа. Моуриньо ахлах дасгалжуулагч болсныхоо дараа намайг нэгдүгээр багт бэлтгэл хийхийг хориглосон учраас тусдаа ганцаарчилсан бэлтгэл хийж, дараа нь залуучуудын багийнхантай бэлтгэл хийж байсан. Хэдийгээр би арваннэгдүгээр сард 1-р багт дахин багтсан ч түүнээс хойш ердөө дөрвөн л удаа талбайд гарсан. Гэхдээ би үүнийг сөргөөр харахгүй. Харин ч надад туршлага болсон үйл явдал байлаа. Ганцаарчилсан бэлтгэл хийж байхдаа ч бэлтгэлийн баазад байж, талбайд гараад гүйхдээ би хэзээд дуртай байсан. Өөртөө би өчүүхэн ч эргэлзэж байгаагүй. Надад өөрийгөө харуулах боломжийг өгвөл би амжилт дагуулж чадахаа амлаж байна.” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Бастайн Швайнштайгер АНУ-д ирлээ | ||
Үзсэн: 2511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.