Шууд Chart

“Холбооны цом-2017”-ын аваргаар “Багануур” ХХК-ийн баг тамирчид тодорлоо

2017-04-10 15:48:02

Боулинг сонирхогчдын хамгийн том тэмцээн болох “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гарагт “Big Bowling” төвд болж, Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК-ийн баг тамирчид анх удаагаа аваргаар шалгарлаа. Урьдчилсан тоглолтод 16 багаас 1-ээр шалгарч, халз тоглолтод ганц ч хожигдолгүй явсаар түрүүлсэн “Багануур” ХХК-ийн багийн амжилт нь Багануур хотод Усан спорт сургалтын төв, Боулингийн төв шинээр байгуулагдсантай салшгүй холбоотой юм.

“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “Big Bowling” клубтэй хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг 8 баг, “Coca Cola Zero-2016” тэмцээний шилдэг 8 баг буюу нийт шилдгийн шилдэг 16 баг оролцсон билээ.



Мөнгөн медалийн эзнээр Г.Магсаржалам ахлагчтай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн баг, хүрэл медалийн эзнээр Д.Амьбөх ахлагчтай өнгөрсөн жилийн аварга СЭЗИС-ийн баг тодорсон. Тэмцээний шилдэг тамирчнаар шинэхэн багийн шинэхэн тамирчин “V darts” боулинг клубын тамирчин П.Одхүү 245 оноогоор шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу баг тамирчид хүчтэй өрсөлдсөнөөрөө онцлог.

Алтан цомын эзэн “Багануур” ХХК-ийн багтай халз тоглолтод хамгийн ойрхон очсон буюу ердөө 20-хон онооны зөрүүтэй хожигдсон баг бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг байсныг дурдах нь зүйтэй.


Мөн тус тэмцээнд тасралтгүй оролцсоор ирсэн Их Британийн улсын ЭСЯ-ны баг тамирчдад тэмцээний үеэр Монголын боулинг сонирхогчдын холбооноос Талархлын өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулсан. Үе үеийн Элчин сайд нар нь өөрсдөө багаа тэргүүлэн “Холбооны цом”-ын аваргын тэмцээнд оролцсоор ирсэн юм.


















“Холбооны цом-2017”-ын аваргаар “Багануур” ХХК-ийн баг тамирчид тодорлоо  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй