
Германы алдарт "Боруссия Дортмунд" клуб өөрийн "Сигнал Идуна Парк"-даа энэ улирал Европын тавцанд хамгийн олон гоол оруулаад буй Францын "Монако"-г хүлээн авах байсан. Хөлбөмбөгийн "Аваргуудын лиг"-ийн тэмцээний хасагдах шатанд учраа таарсан "Боруссия Дортмунд" болон "Монако" багуудын тоглолтын өмнөхөн "Боруссия Дортмунд" багийн тоглогчдын автобусны ойролцоо дэлбэрэлт болж, нэг хүн бэртсэн байна. Автобусны ойролцоо маш ойрхон хугацаатай гурван дэлбэрэлт болжээ. Хөлбөмбөгчид болон дасгалжуулагчид, багийн арын албаныхан хүнд гэмтэл аваагүй. Харин Испани хамгаалагч Марк Бартрагийн гар автобусны цонхны үйрсэн шилнээс бага зэрэг шархалсан байна. Зүүн бугуй нь шархадсан Бартра мэс засалд орохоор болсон учраас энэ шатны тоглолтод оролцох боломжгүй боллоо. Харин "Монако"-гийн тоглогчид одоо хүртэл цэнгэлдэхэд байгаа гэнэ. Одоогоор хамгийн аюул багатай газар нь хөлбөмбөгийн талбай гэж "Монако"-гийн удирдлага үзэж, хөлбөмбөгчдөө талбайд байлгаж байгаа юм байна.
Одоогоор цагдаа нар болсон үйл явдлыг эрчимтэй шалгаж байгаа бөгөөд "Ааваргуудын лиг"-ийн энэхүү чухал тоглолтын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна. Ийнхүү "Боруссия Дортмунд" болон "Монако" багуудын тоглолт хойшилж, өнөөдөр шөнө Улаанбаатар хотын цагаар 01:45 цагт явагдахаар болсон юм. "Монако" бол Францын лигээс ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн "Аваргуудын лиг"-ийн шилдэг 8-д шалгарч чадсан ганц баг. Тэд шөвгийн 16-д Английн "Манчестер Сити"-г хожиж, өөрсдийгөө цаашид өрсөлдөх бүрэн чадвартай баг гэдгээ олон нийтэд нотлон харуулсан. Монакогийн “нууц зэвсэг” нь 18 настай залуу довтлогч Мбаппе байсаар байна. Түүнийг Францын хэвлэлүүд “Ирээдүйн Анри” хэмээн тодотгоод байгаа юм. Тэрбээр мөн өнөө шөнө явагдах тоглолтын гол "фаворайт" болж байна. Харин Германы багаас супер довтлогч Пьер Эмерик Обамеянгийг онцлох нь зүйтэй. Тэрбээр энэ оны "Аваргуудын лиг"-т 7 тоглолтод оролцож 7 гоол оруулсан бахдам амжилтыг үзүүлээд байгаа юм.
"Боруссия Дортмунд" болон "Монако" багуудын тоглолт дэлбэрэлтийн улмаас хойшиллоо | ||
Үзсэн: 1932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.