Шууд Chart

Монголын сагсан бөмбөгчид оюутны азийн аварга боллоо

2017-04-17 09:34:02

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Малайз улсын Куала Лампур хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 3 дах удаагийн 3х3 төрлийн Азийн АШТ-д энэ жил 11 орны шилдэг баг тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.

Манай улсын баг тамирчдын хувьд 2 жилийн өмнө анх удаа энэ тэмцээнд оролцохдоо, аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын багт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан юм. Улмаар анх удаа оюутны ДАШТ-д оролцох эрхээ авч, 2016 оны дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр манай улсын багийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичсэн билээ. Мөн энэ тэмцээний хэсгийн тоглолтод Монголын баг БНХАУ-ын оюутны шигшээ багт хожигдоод байсан ч ийнхүү 2017 оны Азийн АШТ-ий шигшээ тоглолтод Монголын баг БНХАУ-ын оюутны шигшээ багаас хариугаа авч, 17:14-ын харьцаатай хожиж чадсан юм. Монголын оюутны шигшээ баг мөн Малайз, Пилиффин, Иран, Тайланд, Индонезийн багуудыг хожжээ.

Энэ нь манай улсын баг тамирчдын 3х3 төрлөөр олон улсын түвшинд хүртэж байгаа анхны аваргын алтан медаль юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Тулгаар удирдуулсан Б.Батзолбоо (ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар нарын 4 тамирчин эх орноо төлөөлөн оролцлоо. Олон улсын тавцанд эх орноо төлөөлөн өрсөлдсөн манай улсын залуу сагсан бөмбөгчидөөс энэ тэмцээний үеэр болсон цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Монголын багийн тамирчин О.Энхбаатар түрүүлсэн байна.

Манай баг тамирчид ийнхүү азийн аварга болсоноор ирэх 9-р сард БНХАУ-ын Шамень хотноо болох 3х3 төрлийн Дэлхийн Оюутны АШТ-д Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авч байгаа юм. Тэмцээний хүрэл медалийг зохион байгуулагч орон, Малайзын оюутны шигшээ багийн тамирчид хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдээс Тайваны шигшээ баг түрүүлж, БНХАУ-ын баг мөнгөн медаль, Тайландын оюутны баг хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Монголын сагсан бөмбөгчид оюутны азийн аварга боллоо  
Үзсэн: 2275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй