
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шинэ улирлын хоёрдугаар тойрог өнөөдөр эхэллээ.
Энэ тойргийг нээж “Эф Си Улаанбаатар” болон “Хоромхон” клүб тоглоход “Хоромхон” эерэг үр дүн авч чадлаа. Тоглолтын эхний гоолыг “Эф Си Улаанбаатар” клүбийн Япон довтлогч Мотохиро Канаширо 19 дэх минутад “Хоромхон”-ы хаалгач болон хамгаалагчдын үл ойлголцлыг ашиглан оруулав.
Тийнхүү “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хүрээнд “Хоромхон”-той хийсэн сүүлийн дөрвөн тоглолтод хожигдоогүй гэсэн эерэг үзүүлэлттэй талбайд гарсан “Эф Си Улаанбаатар” эхний үед 1:0-ээр илүүрхсэн юм.
Гэхдээ “Хоромхон” бууж өгөх болоогүй гэдгийг залуу довтлогч Б.Балжинням хоёрдугаар үеийн 47 минутад оруулсан гоолоороо харууллаа.
Өдгөө 18 настай Б.Балжинням лигийн гурав дахь гоолоо “Эф Си Улаанбаатар” клубийн хаалганд шигтгэсэн бол АНУ-ын легионер Нигель Робинсон 72’ минутад “Хоромхон”-ы нэрийн өмнөөс анхны гоолоо оруулав. Нигель Робинсоны гоолын дараа “Эф Си Улаанбаатар” оноо авахын төлөө хүчтэй өрсөлдөөн өрнүүлсэн боловч нэг бус удаа гоолын боломж алдан, тоглолт 1:2-оор “Хоромхон”-ы хожлоор өндөрлөв.
Хоёрдугаар тойргийн тоглолтын хожлын салхийг “Хоромхон” хагаллаа | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.