
“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй “Атлетик 220” өчигдөр дөрөвдүгээр тойргийн тоглолтоо “Дэрэн”-тэй хийлээ.
Анх удаа учраа тааран тоглож буй багуудын тоглолтын эхний үед хаалга чиглэсэн хэд хэдэн аюултай довтолгоо өрнөсөн ч хаалганы тор хөдлөлгүй нэгдүгээр үе өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад “Атлетик 220” клубын япон хамгаалагч Ейсүкэ Мори, “Дэрэн”-гийн довтлогч Ц.Төмөр-Очир нар хүчтэй мөргөлдөж, Ейсүкэ Мори бэртэл авсны улмаас тоглолт нэлээн удаан хугацаанд саатсан юм.
“Атлетик 220” багийн япон тоглогч Ейсүкэ Мори хүчтэй мөргөлдсөний улмаас амьсгалын дутагдалд орж, ухаан алдсан байна. Тоглолтын үеэр “Дэрэн” клубын эмч Г.Отгон-Эрдэнэ яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, тамирчныг эмнэлэгт хүргэснээр биеийн байдал нь сайжирчээ.
Япон легионерийн бэртлээс шалтгаалж хоёр багийн тоглолт нэлээд хугацаагаар завсарласан. Ингээд Ейсүкэ Моригийн биеийн байдал сайжирсны дараа тоглолт дахин ширүүн уур амьсгал дор үргэлжилж, үндсэн цаг дуусахын өмнөхөн “Дэрэн”-гийн хаалгач Молой Рнич торгуулийн талбайдаа алдаа гаргаж, торгуулийн цохилтыг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй Н.Наранболд гүйцэтгэснээр багтаа тэргүүллийг авчирсан юм.
Н.Наранболдын гоолоос гурван минутын дараа үндсэн цаг дууссан ч шүүгч алдагдсан хугацааг нөхөн, 15 минут сунгасан. Энэ нь “Дэрэн”-д оноо авахад хангалттай хугацаа байсан ч үндэсний дээд лигт анх удаа оролцож буй “Атлетик 220” 1:0 гэсэн үр дүнгээ хадгалж чадсанаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэв.
Япон хамгаалагч Ейсүкэ Моригийн бие сайжирчээ | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.