Шууд Chart

“Зенит”, "Спартак" багууд 4-р тойрогт учраа таарлаа

2017-08-08 14:41:46

Оросын “Премьер лиг”-ийн тэмцээний 4 тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө явагдлаа. Тэмцээний энэ тойргийн онцлох тоглолт лигийн аваргын цомыг хамгаалан тоглож байгаа Москва хотын "Спартак" болон Санкт Петербург хотын "Зенит" клубуудын хооронд өрнөсөн байна. Итали мэргэжилтэн Роберто Манчинигаар удирдуулсан “Зенит Санкт Петербург” клуб энэ өдөр алдарт Крестовский цэнгэлдэх хүрээлэндээ 67 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар өнгөрсөн улирлын аваргуудыг хүлээн аван тоглолоо.

Оросын “Премьер лиг”-ийн 4 удаагийн аварга “Зенит” клубээс энэ тоглолтын эхний үеийн 36 дахь минутад Александр Кокорин тооны харьцааг нээж, улирлын 3 дахь гоолоо хаалганд оруулсан. Ингэснээр түүний хувьд мэргэн буучдын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж эхэлсэн. Үүнээс төд удалгүй 1-р үеийн төгсгөлийн минутад Далер Кузяевын дамжуулалтаар Александр Ерохин багийнхаа 2 дахь гоолыг оруулж, “Спартак”-ыг тун хүнд байдалд оруулсан юм.

Тоглолтын 2-р үе эхлээд “Зенит”-ийн залуус дахин нэг гоолыг оруулж чадсан. Энэ удаад булангийн цохилтоос ирсэн дамжуулалтыг Итали хамгаалагч Доменико Кришито хаалганд мөргөж, энэ улирлын эхний гоолоо оруулжээ. “Зенит”-ийн шуургалсан довтолгоонууд үргэлжилсээр 63 дахь минутад Далер Кузяев хаалганы баруун дээд буланд хүчтэй цохиж, тооны харьцааг 4:0 болгож, “Зенит”-ийн хөгжөөн дэмжигчдийг дахин нэг удаа суудлаас нь босгосон гоёмсог гоолыг оруулсан.

Харин зочин баг “Спартак” тоглолтын 71 дэх минутал торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон. Энэ цохилтыг “Спартак”-ын шилдэг довтлогч, 25 настай Нидерланд залуу Күйнси Промес амжилттай гүйцэтгэснээр энэ улирлын 3 дахь гоолоо өөрийн нэр дээр бүртгүүлжээ. Гэсэн ч тоглолтын 77 дахь минутад Доменико Кришитогийн дамжуулалсан бөмбөгийг нийслэл хотын багийн хаалгач Артем Ребров өөрийн хаалгандаа оруулж, баг нь энэ өдрийн тоглолтод 5:1-ийн харьцаатай хожигдол хүлээжээ. Тоглолтын төгсгөлд мөн 2 багийн тамирчдын хооронд маргаан үүсч “Зенит”-ээс Игорь Смольников, “Спартак”-аас Луис Адриано нар улаан хуудас аван талбайгаас хөөгджээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Зенит”, "Спартак" багууд 4-р тойрогт учраа таарлаа  
Үзсэн: 2055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ливерпүүлийн фанат [202.9.40.xxx] 2017-08-09 00:50
Оросууд хөл бөмбөг тоглож чаддаг л юм байх даа. ккк

Бидэнтэй нэгдээрэй