Шууд Chart

Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017-08-15 16:29:45

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Аль-Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Катар улсууд газар нутгийн байршлын хувьд хол, шашин соёлын хувьд тус бүрийн онцлогтой өвөрмөц хэдий ч ижил төстэй зүйлүүд цөөнгүй байдгийг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг олон чиглэлээр өргөжүүлж, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдлаа.

Катар Улсын Элчин сайд Султан Аль-Мансурийн хувьд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 15 жил болох гэж байгааг дурдаад Катар улсаас Монгол Улсад хөрөнгө оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тус улс 2022 онд хөлбөмбөгийн ДАШТ, 2019 онд мөн олон улсын хүчний спортын томоохон тэмцээн зохион байгуулахаар эрхээ авсан, Монгол Улсын тамирчдыг уг тэмцээнүүдэд идэвхтэй оролцоно гэж найдаж байна хэмээв. Катар Улсын зүгээс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх хүсэлтэй байгаагаа мөн уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Катар улстай Батлан хамгаалахын салбарт үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, цаашид аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо мөн илэрхийлсэн юм. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлж, Булангийн орнуудтай найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ Монгол Улс таатай байх болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч мөн хэллээ.


Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй