Шууд Chart

Универсиад наадмын 7 дахь өдрийн тойм

2017-08-27 10:03:13

Хөнгөн атлетик:
Монгол улсын тамирчин О.Болдоо Универсиад наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 5.000 метрийн зайд 17 тамирчинтай уралдаж, 15 минут 31.53 секундын хугацаанд замаа дуусгасан амжилт үзүүлж, уралдааны 13 дугаар байранд шалгарлаа. 

Гольф:
Гольфийн эмэгтэй тамирчдын ганцаарчилсан төрлийн тоглолтууд 3 дахь дахь өдрөө үргэлжилж, монгол улсын 2 тамирчин ээлжит 18 замын тоглолтоо хийлээ. Универсиад наадамд 2 дахь удаагаа оролцож байгаа А.Энэрэл энэ өдөр 101 оноо (+29), Н.Намуунаа 99 (+27) оноо авч, тус тус 3 дах тойргийн тоглолтоо дуусгасан байна.

Пүүл бильярд:
Универсиад наадмын пүүл бильярдын төрлийн тэмцээн 9 бөмбөгийн дүрмээр явагдаж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойргийн тоглолтод монгол улсын тамирчин, спортын мастер Баттулгын Уянга Сингапурын Онг Руйтай тоглож, 9:6-н харьцаатай оноогоор хожиж, зуны 29-р универсиад их наадмын хагас шигшээд Тайваны тамирчин Ку Ченг Чинтай шалгаран өрсөлдөхөөр боллоо.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа манай улсын 2 дахь тамирчин Б.Нарантуяа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө БНСУ-ын тамирчин Жанг Ёонтой таарч тоглон 9:3-ын харьцаатай ялсанаар тэмцээний хагас шигшээд шалгарч чадлаа. Тэрээр дараагийн тоглолтоо мөн наадмыг зохион байгуулагч орон Тайваны тамирчин Ву Зи Тинтэй хийх юм. 

Ширээний теннис: 
Шинрээний теннисний төрөл 5 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн боллоо. Энэ өдөр манай тамирчдаас А.Билгүүдэй АНУ-ын тамирчин Фен Еижунд 3:0 оноогоор хожигдсон. Г.Чулуудай мөн Францын тамирчин Сеприед Жоетой тоглон 3:0-оор хожигдсоноор ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгалаа. Т.Барсболдын хувьд Ботсвана улсын тамирчин Малобела Боагог 3:2 оноогоор хожиж дараагийн шатанд тоглох эрхтэй боллоо.
Универсиад наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээнд энэ өдөр Г.Индра Тайваны тамирчин Лиу Юу Синд 3:0-оор хожигдсон байна. Мөн Э.Жумдаан Хорватын тамирчин Зажек Жосипатай тоглож 3:0, Б.Урантогос ОХУ-ын тамирчин Блазко Аннад 3:0 гэсэн харьцаатай тус тус ялагдаж, наадмын ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгаж байна. 

Таеквондо:
Универсиад наадмын таеквондогийн тэмцээн сүүлийн өдрөө буюу 7 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн багийн тэмцээн боллоо. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ху Ин Ёны удирдлага дор 5 тамирчин энэ наадамд хүрэлцэн ирж оролцсон юм. Монголын тамирчид энэ удаад кёруги буюу тулааны багийн төрөлд эхний тойрогт гоц мөргөн хоёр дахь тойрогтоо Польшийн багтай учрааа тааран тулалдаж, 24:26-н харьцаатай, 2 оноогоор ялагдлаа. Таеквондогийн багийн тэмцээн ийнхүү өндөрлөж байгаа юм. 

8-р сарын 27-ны өдрийн тэмцээний хуваарь:

Хөнгөн атлетик: О.Болдоо, Ц.Бямбажав, Д.Гантулга, Н.Мөнхбаяр, Б.Суврага-хайрхан нар 07:50 цагаас хагас марафоны төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд Тайпэй хотын захиргааны өмнөх талбайн 7 км замд 3 удаа тойрч уралдана.

Гольф: Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар Санрайс гольфийн талбайд сүүлийн дөрөвдүгээр тойргийн тоглолтоо 06:30 цагаас хийнэ. 

Бильярд: Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн шигшээ тэмцээнд Б.Нарантуяа Тайваны тамирчин Ву Зи Тингтэй, Б.Уянга Тайваны тамирчин Ку Ченг Чинтай тоглоно. Мөн энэ өдөр Б.Нарантуяа Б.Уянга нар, О.Баасандорж С.Мянганбаяр нар 9 бөмбөгийн хосын төрлийн тэмцээнд өрсөлдөнө.

Ширээний теннис: Ширээний теннисчид холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрлийн тэмцээн болно. Мөн Тайваны их сургуулийн байранд ОУОСХ-ны “Спортын хөгжлийн тухай” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний  хурал 8 сарын 27-29-ны өдрүүдэд үргэлжилж, Үндэсний БТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан нар оролцоно.  

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Универсиад наадмын 7 дахь өдрийн тойм  
Үзсэн: 2807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй