
Гвардьолагийн “Барса” хөлбөмбөгийн оргилд гарч чадсан билээ. Энэ ноёрхол нэлээд хэдэн жилийн турш үргэлжилсэн. Үнэндээ бол Пеп домогт Йохан Круиффын түгээмэл хөлбөмбөгийн мөн чанарыг үргэлжлүүлж, жаахан боловсронгуй болгосон юм. Үүний тулд Гвардьола багагүй эрсдэл гаргаж, том толгойтой оддыг явуулан Терсера дивизионд (Испанийн хөлбөмбөгийн дээрээсээ дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг лиг) тоглож байсан Педро, Бускетс зэрэг тоглогчдыг үндсэн багт авчирсан. Хамгийн чухал нь Роналдиньогийн урьдын гавьяаг үл хайхран түүний №10 дугаарыг зоригтойгоор Мессид өгсөн явдал байлаа.
Лео өөрт ногдсон шинэ үүргээ дэндүү сайн гүйцэтгэж байсан тул Пеп түүнд тулгуурласан өвөрмөц хэв маягтай багийн тоглолтыг гаргаж авсан хэрэг. Энэ нь тийм ч хэцүү биш байлаа. Талбайн төвд Хави, Иньеста, Бускетс нар ноёлж, жигүүрээр Анри, Педро нар шуугиулж, Это’О, Алвес нар аргентин довтлогчтой чадварлагаар хоршин, түүнд гайхамшгийг нь бүтээхэд нь тусалж байлаа. Месси хуурамч №9 номерийн байрлалд хэрхэн тоглож болохыг харуулж, хуучны хэвшмэл ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. “Сантьяго Бернабеу”-д талбайн эздийг 6:2-оор бутниргэсэн тоглолт дэлхийн хөлбөмбөгт шинэ хаан мэндэлснийг тунхагласан “Эль Класико” болсон юм.
Гэвч энэ бүхэн нэгэнт түүх болон үлджээ. Он жил өнгөрөхийн эрхээр аргентин тоглогчийн хамтрагчид багаа орхисоор... Энэ хэрээр багийн амжилт жилээс жилд сулрах болов. Дээрээс нь жил бүр л солилцоо наймааны цонхоор алдагдал хүлээдэг болсон нь нууц биш. Гэтэл нөгөө талд Мадридын “Реал” хүчирхэгжиж, сүүлийн дөрвөн жилд Европын тавцанд гурвантаа түрүүлээд байна. Нэгэнтээ Месси, Неймар хоёрыг хамтдаа удаан тоглох боломжгүй хэмээн өөрийн таамаглалыг дэвшүүлж байсан Круиффын “Хэрэв тэд баг яагаад хожсоор ирснийг ойлгохгүй бол юунаас болоод хожигдох болсныг хэзээ ч ухаарахгүй” гэж хэлсэн үг гол руу орох шиг.
Хэдийгээр улирлаас улиралд Мессигийн гүйцэтгэх үүрэг, багт эзлэх байр суурь чухал болж байгаа ч тэр улам л ганцаардах болов. 2014/15 оны улиралд үндсэндээ MSN буюу Месси, Суарес, Неймар нарын довтолгооны гурвал “Барса”-д Аваргуудын лиг, Ла лиг, Эзэн хааны цомын тэмцээний түрүүг авчирсан. Гэвч удаан хугацааны тогтвортой амжилт үзүүлэхийн тулд байрлал бүртээ шилдэг тоглогчидтой, багийн тоглолтын уялдаа холбоо сайн байх ёстой. “Барселона”-д чухам энэ л дутагдах болсон. Мессигийн одтой он жилүүдэд хамтран тоглож байсан Хави, Анри, Это’О, Вилья “тэтгэвэр”-тээ гарч, Алвес, Неймар, Педро, Яя Туре нар багаа орхиж, нас нь нэлээд явчихсан Иньеста, Бускетс нар урьдын топ түвшний тоглолтоо үзүүлэхээ больсон нь гашуун боловч үнэн.
Харамсалтай нь багт “цус сэлбэх” шаардлагатай энэ үед клубийн удирдлагууд илэрхий буруу бодлого явуулж, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдах болов. Тэдний сүүлийн 2-3 жилийн наймаа болох Арда Туран, Андрес Гомеш, Томас Вермален нар нь багтай сайн уусаж чадсангүй, бараг талбайд гарсангүй. Европт алдартай “Ла Масиа” академиас гарч ирж буй тоглогчдоо дасгалжуулагчид нь олигтой ашиглаж чадахгүй Англи, Герман, Итали руу хямдхан зарах нь бараг хэвийн үзэгдэл боллоо. Мессиг залгамжлах ганц хүн гэгдэж байсан Неймар нь Францын лиг рүү яваад өглөө. Түүнийг зарсан мөнгөөрөө ирээдүйтэй, авьяаслаг тоглогчдыг авчрах нь удирдлагуудын хамгийн эхэнд хийх зүйл байв. Гэвч энэ зуны солилцоо наймааны цонхоор үнэхээр хангалтгүй ажиллаж Дембеле, Семеду, Паулиньо гэсэн гуравхан шинэ тоглогч авчирлаа. Тэр дундаа “Тоттенхэм”-д гологдон Хятадын лигт тоглож байсан 29 настай бразил хагас хамгаалагч Паулиньог “Гуанжоу Эвергранд”-аас 40 сая еврогоор авсанд мэргэжилтнүүд төдийгүй сонирхогчид шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ наймааг ерөнхийлөгч Бартомеу багийнхаа төлөө гэхээсээ хувийн бизнесийн сүлжээгээ ашигласан явдал хэмээн тайлбарлагсад байгаа юм. Учир нь түүний хувийн компани Гуанжоугийн нэгэн худалдааны корпорацитай ажил хэргийн холбоотой аж.
Мэдээж энэ боломжийг хуучин ерөнхийлөгч Лапортагийн талыг баримтлагчид зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй, одоогийн удирдлагыг огцрохыг шаардах болов. Тоглогчид ч тэдний тэмцлийг үгээрээ биш ч гэсэн үйлдлээрээ дэмжиж байгаа нь харагдаж байна. Тухайлбал багийн ахлагч Иньеста, дэд ахлагч Месси нар нь одоо болтол гэрээгээ сунгахгүй байгаа юм. “Барселона”-гийн удирдлагын зүгээс үе үе “Месси гэрээгээ сунгалаа” гэсэн мессежийг олон нийтэд цацдаг ч одоо үүнд хэн ч хууртахаа больсон. Саяхны хэвлэлийн бага хурал дээр нэгэн сэтгүүлч дэд ерөнхийлөгч Жорди Местрегээс “Месси үлдэнэ гэдэгт итгэлтэй байна уу” гэж асуухад тэрбээр мөрөө хавчин “Тэр яагаад гэрээгээ сунгахгүй байгааг ойлгохгүй байна” гэж хариулсан юм. Өнгөрсөн долдугаар сард л “Неймарын үлдэх магадлал 200 хувь” хэмээн бардам хариулж байсан эрхэм юуны учир ингэтлээ шалдаа буув? Шалтгаан нь тун энгийн. Амжилт гаргахын тулд урт удаан хугацаанд тогтвортой ажиллах дасгалжуулагч, солилцоо наймааны зөв бодлого явуулахыг л багийн лидерүүд хүсч байна.
Ямартай ч Месси “Барса”-г орхиж чадна гэдгээ уг үйлдлээрээ илэрхийлж байна. Үүнийг дагаад “Манчестер Сити” түүний төлөө 300 сая евро гаргахаар зэхэж байна гэсэн мэдээ нэг бус хэвлэлээр гарсан. Үнэнийг хэлэхэд Европт өнөөгийн “Барселона”-гаас илүү сонирхолтой төсөл, том ивээн тэтгэгчтэй баян багууд нэг бус бий болсон. Тэгэхээр “Барса”-гийн хувьд Мессигээ алдахгүй байх, авч үлдсэн ч ганцаардуулахгүй байх, түүний хүссэн багийг босгох шаардлага тулгарч байна.
Месси яагаад гэрээгээ сунгахгүй байна вэ? | ||
Үзсэн: 3245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.