
Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлын тэргүүн байрт “Эф Си Улаанбаатар” клуб шалгарлаа.
Байгуулагдаад долоон жил болж буй тус клубийн ихэнх туршлагатай тоглогчын гэрээ 2016 оны улирлын дараа дууссантай холбоотойгоор бүрэлдэхүүндээ ихээхэн өөрчлөлт хийсэн юм.
Хэдийгээр “Эрчим”-ээс Милош Пересич, “Хоромхон”-оос Акил Помпэй, “ШМ Баянгол”-оос хаалгач Остин Рожерс зэрэг легионер тоглогчыг эгнээндээ нэгтгэсэн ч О.Баяржаргал тэргүүтэй олон туршлагатай тамирчнаа явуулсан тул улирлын эхний хагаст тааруухан тоглолтуудыг үзүүлээд байв.
Гэсэн ч “Хүрхрээ үндэсний лиг”-т үлдэх хүсэлтэй “Эф Си Улаанбаатар”-ын залуус улирлын хоёрдугаар хагаст хариуцлагатай тоглолтуудыг хийж, дээд лигтээ үлдэж чадсан юм.
Багийн довтолгооны гол хүн О.Баяржаргал “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эхний хагаст “Сэлэнгэпресс”-т тоглож, ердөө ганцхан гоолын дамжуулалт өгсөн бол хуучин багтаа ирээд өөрийгөө хэн болохыг батлан харуулсан гэхэд болно.
Тодруулбал О.Баяржаргал хоёрдугаар хагаст “Эф Си Улаанбаатар”-ын өмсгөлтэй найман гоол оруулж, гурван гоолын дамжуулал өгсөн.
Тиймдээ ч “Эф Си Улаанбаатар” “Хүрхрээ үндэсний лиг”-тээ үлдээд зогсохгүй “Холбооны цом”-ын мөнгөн медалийг хүртэв. “Эф Си Улаанбаатар”-аас хаалгач Остин Рожерс тун сайн тоглолтыг үзүүлэн 104 хаалт толилуулан бусад хаалгачдыг тэргүүлээд зогсохгүй багаа дээд лигт үлдэхэд том хувь нэмэр оруулж, “Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн анхны легионер хаалгач болсон. Мөн багийн шинэхэн ахлагч А.Мөнхнасан хамгаалалтад сайн тоглолтыг үзүүлэн багийнхаа чухал нэгэн хэсэг болж, үндэсний шигшээ багт дуудагдаад байна.
Ирэх жил “Хүрхрээ үндэсний лиг”-т өрсөлдөх эрхээ сүүлчийн тойрогт баталгаажуулсан “Эф Си Улаанбаатар” 2018 оны улиралд илүү хүчирхэг болно гэдэгт хөлбөмбөг сонирхогчид итгэл төгс байна.
2017 оны улирлын тэргүүн байрт “Эф Си Улаанбаатар” клуб шалгарлаа | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.