АЖ Ц.Батчулуун тэргүүтэй Монгол Улсын морин хуурын чуулгынхан болон ардын язгуур урлагийн “Арга Билиг” хамтлагийнхан Япон улсад тоглоод иржээ. Тэдний талаар өөрт буусан сэтгэгдлээ сэтгүүлч, сайд асан Ч.Куланда ийнхүү бичжээ. Тэрээр “Энэ хэдэн өдөр морин хуурын аялгуугаар хур буулаа.
Уржигдар Япон хүний бахархал шүтээн болсон Фүжи уулын хормойд Арга билиг хамтлаг хүн байтугай сүрлэг уулыг хүртэл уяраан хайлуулаа шив дээ. Үзэсгэлэн төгөлдөрөөрөө гайхуулах Фүжи уул Шизүока мужид оршдог. Мужийн захирагч нь Монголд ээлтэй нэгэн. Жил бүр мужийн хурлын гишүүд, компаний захирлууд, сурагчид гээд олон салбарын төлөөллийг дагуулаад, тусгай онгоц хөлслөөд, Монголд ирээд явдаг сонин хүн. Мужийн иргэд ч захирагчаа дагаад монголоор амьсгалж байдаг. Өнөө бидний мэддэг Hitachi гээд телевиз, хөргөгч байна даа... Тэрхүү алдарт электрон бараануудыг үйлдвэрлэдэг Hitachi компани нь тус мужид байдаг ажээ. Түүнчлэн эмнэлэгүүд нь түргэн тусламжинд машин биш нисдэг тэрэг хөлөглөдөг гээд сонихолтой бүс нутаг юм. Мужийн захирагч “Арга билиг” хамтлагийг нутгатаа урьжээ. Хоёр цаг үргэлжилсэн тоглолтоороо тэд Япон хүний зүрхэнд Монгол гэх орон зайг бий болгож, морин хуурын аялгуугаар сэтгэлийн утсыг нь хөглөөд явлаа. Энэ хамтлагийхан үнэхээр мундаг, улам сайнаар хэлье гэхээр хэлэх үг олдохгүй нь ээ. Бид ийм залуусаа хайрлаж, өргөж түшиж явахсан.

Мөн АЖ Ц.Батчулуун тэргүүтэй 30 гаруй морин хуурчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Осака хотынхоны сонорыг мялайлаа. 1500 хүний суудалтай концертийн танхимд ялаа нисэх чимээ сонсогдохоор нам гүмхэн...Элэг зүрхийг энэртэл хуурдсаар л байв. Н.Жанцаннорoвын “Сэтгэлд шингэсэн говь”, “Бурхан халдун” , Б.Шаравын “Сэрсэн тал”.....огшив, омогшив, хайлж урсав, уярав, сүүлдээ асгарч гарав. Сэтгэлийн энэ их хөдлөлийг бичгээр илэрхийлэх арга надад алга, үг дутав. Би Монголоороо бахархав. Би морин хуураа бишрэв. Би билиг авьяаст залуусаараа гайхуулав, гоёв. Би азтай хүн. Тийм ээ, өөр хэнд ч заяаагаагүй морин хуурыг эзэмшдэг, морин хуурын аялгуугаар сэтгэл юугаан хөглөдөг, бид азтай монголчууд аа” хэмээн сэтгэлийн угаас гарсан үгсээ өөрийн facebook хуудаснаа үлдээжээ.


| Ч.КУЛАНДА: Би Монголоороо бахархав | ||
| Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.