Улс тунхагласны баярт зориулан “Нийгмийн Ардчилал” МЗХ, МЗЭ хамтран “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмыг энэ сарын 26-нд зохион байгуулсан.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд 200 гаруй яруу найрагчид бүтээлээ ирүүлэн өрсөлдөн, МҮОНР-ийн сэтгүүлч О.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэлсэн бол гутгаар байрыг МҮОНР-ийн хэлтсийн дарга, сэтгүүлч П.Нямлхагва, яруу найрагч Л.Ганзул нар эзэлсэн юм.
Ингээд МҮОНР-ийн сэтгүүлч О.Цэнд-Аюушийн "Тусгаар тогтнол" яруу найргийн наадмын тэргүүн байр эзэлсэн шүлгийг хүргэж байна.
Мананд төөрсөн Монголын их талд...
Мананд төөрсөн Монголын их талд очих юмсан
Магадгүй намрын буга ч бас үүнийг мөрөөддөг байх аа
Орчлонгийн оргүй хоосон дотор багтаж
Одод амарсан их талд л очих юмсан
Уулын буга ч бас үүнийг мөрөөдөж
Уран хөлөө бэл рүү нэг зөөдөг байх аа
Нойтон майхан дотор даяанчлан сууж
Норсон буга дэргэд ирэхийг үзэхсэн
Монголын их тал өөрийгөө түүнээс нууж
Моддын оронд манан өтгөрөхийг нэг харахсан
Арван хоёр салаа эрэвт нь үүлс тээглэж үлдээд
Ариун тэргүүн дээр нь сэмэрч байгаа буга
Улам өвгөрч байгаа их талын дунд
Урамдахаар зэхэж байхыг үзэхсэн
Гуниг дотроос бүлээн нүдээрээ ширтэх буга
Гуулин лимбэ шиг талд зогсоод
Нимгэрч байгаа мананд уусан
Шингэрч байхыг л үзэхсэн
Хөвч рүү хөвж байгаа манан доторх тэр бугын
Хөл нь хөндийрч байхыг л харахсан
Мананд төөрсөн Монголын их талд нэг очих юмсан
Магадгүй уулын буга ч үүнийг бас мөрөөддөг байх аа
| “Тусгаар тогтнол” наадамд түрүүлсэн шүлэг | ||
| Үзсэн: 3358 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.