
Монгол Улсын Шадар сайдын мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан зөвлөх О.Эрдэнэчимэг Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил байдалтай танилцан 21 аймгийн албан хаагчидтай цахимаар уулзалт зохион байгуулж шадар сайдын илгээлтийг уламжлав.
Монгол Улсын Шадар сайд илгээлтдээ: “Аливаа байгууллага улс орны хөгжил, хүн ардын хэрэгцээ шаардлагад нийцэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байж оршин тогтнож, урагшлан дэвждэг учиртай. Мэргэжлийн хяналтын байгууллага 2010 оноос эхлэн хяналт шалгалтын үйл ажиллагаандаа томоохон шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах, соён гэгээрүүлэх арга тактиктай хослон хэрэгжүүлж байгааг Мэргэжлийн хяналтын асуудал хариуцдаг Шадар сайдын хувьд таатайгаар хүлээн авч, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Мэргэжлийн хяналтын өнөөгийн нэгдсэн тогтолцоог хэвээр байлгах, бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар миний бие Засгийн газар, Улсын Их Хурлын түвшинд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдье.
Мэргэжлийн хяналтын шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, хяналт шалгалтын үр дүн, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож байна.
1. Улсын байцаагч өөрөө мэдлэг боловсрол сайтай, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байж бусдаас хууль, журам сахин биелүүлэхийг шаардах эрхтэй байна гэдгийг мартаж болохгүй. Тиймээс албан хаагчиддаа тавих ёс зүй, ажил, мэргэжлийн шаардлагыг өндөржүүлж, Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг сайтар зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас, албан хаагч бүр сахилга хариуцлага, ажлын зохион байгуулалтаа сайжруулж, төрийн албаны ёс зүйг чанд сахиж, мэргэжлийн болоод ашиг сонирхлын алдаа, зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан ажиллах ёстойг сануулж хэлье.
2. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орондоо үйлдвэрлэх, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах, экспортод гаргахын төлөө чармайн ажиллаж байгаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад дэвшилтэт технологи, олон улсын стандарт, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг дотны зөвлөгч, итгэлт түнш болж ажиллах нь нэг талаас эрсдэлийг бизнес эрхлэгчидтэйгээ хамтран бууруулах, нөгөө талаас төрийн хяналтыг улс орныхоо ирээдүйн хөгжлийн хөтөч болгох олон талын ач холбогдолтой юм. Мэргэжлийн хяналтын байгууллага хянаж шалгадаг, торгож шийтгэдэг захиргаадалтын хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусалдаг, соён гэгээрүүлдэг арга хэлбэрийг бүх шатандаа жигд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
3. “Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болох” зорилт дэвшүүлж ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн билээ. Малаа эрүүлжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа, хяналтын үйлчилгээг чиглүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
4. Төрийн хяналтын үйл ажиллагааг мэдээллийн сангийн дүн шинжилгээ судалгаанд тулгуурлан оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, үйл ажиллагааны ил тод нээлттэй, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой “Шилэн хяналтын цахим систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь сайшаалтай байна. Цаашид цахим хяналтын системийг улсын байцаагч бүр өдөр тутмын ажилдаа нэг мөр хэрэглэж хэвшихэд анхаарах нь зүйтэй.
5. Нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдал, иргэдийн амьжиргааны түвшингийн доройтол, төрийн хяналт шалгалтын ажлын онцлог, зарим улсын байцаагчдын зан харилцааны доголдол, хүнд суртал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын нэр хүнд, шалгалтын үр өгөөж нийгэмд төдийлөн сайнаар үнэлэгдэхгүй, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа нь нууц биш ээ. Цаашид ард иргэд, аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсч, асуудлыг нь амьдралд ойрхон, бодитойгоор шийдвэрлэж байхын зэрэгцээ зөвшөөрөл, гэрчилгээ, мэдэгдэл олгох ажиллагааг хялбаршуулах, хугацааг богиносгох талаар бололцоотой бүхий л арга хэмжээг авч, иргэд, байгууллагын өргөдөл гомдол, албан бичгийг шуурхай шийдвэрлэж байх шаардлагатай. Мөн хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ ард иргэддээ цаг тухайд нь оновчтой хэлбэрээр хүргэж, үйл ажиллагаагаа сурталчилж ажиллахыг зөвлөж байна.
Монгол Улсын Шадар сайдын хувьд би Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг бодлогоор дэмжиж, нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, чадавхийг сайжруулахад анхаарч ажиллах болно.
Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээжээ.
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Монгол Улсын Шадар сайдын мэргэжлийн хяналтын чиглэлээр авч хэрэгжүүлэхээр зорьж буй ажлыг бүх талаар дэмжин хэрэгжүүлж ажиллахаа мөн илэрхийллээ.
Энэ үеэр нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулав.
Монгол Улсын Шадар сайд Мэргэжлийн хяналтын байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв | ||
Үзсэн: 1924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.