
Оросын тамирчдыг Пёнчаны өвлийн Олимпод оролцуулахгүй хэмээх шийдвэр гаргахад оролцсон WADA-ийн ажилтнуудад Орос улсын зүгээс хориг тогтоохоор болжээ. ОХУ-ын Холбооны зөвлөлийн улс орны тусгаар тогтнолыг хамгаалах, улс орны дотоод хэрэгт гадны оролцооноос урьдчилан сэргийлэх комиссын дарга Андрей Климов энэ тухай мэдээллээ.
Ноён Климовын хэлж байгаагаар, WADA-ийн ажилтнуудад хориг тавих ажил ид хийгдэж байгаа гэнэ. Энэ арга хэмжээ Оросын спортын эсрэг кампанит ажил явуулж, ОХУ-ын шигшээ багийг Пёнчаны өвлийн Олимпоос хасахад оролцсон ажилтнуудыг хамрах юм. “Бид Олон улсын олимпийн хорооны ар хударгаар WADA-г ашиглан манай шигшээ багийг Олимпоос хасахад хүргэсэн хүмүүсийг ил болгоно. Бид өмнөө зорилт тавьсан. Одоо цуглуулсан нотлох баримтуудыг шалгаж байна. Өөрсдийнхөө үйл ажиллагаагаар манай тамирчдын эсрэг хатуу арга хэмжээ авахад хүргэсэн хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг ил болгож, холбогдох арга хэмжээ авах хэрэгтэй. Гэхдээ үүнд нэг их яарах хэрэггүй, одоо хамгийн гол зүйл бол манай тамирчид Олимпод нэр хүндтэй оролцох явдал, харин Олимп дууссаны дараа бид буруутныг тогтоож, хүн бүрт зохих ёсны хариуцлагыг нь үүрүүлнэ” гэж Андрей Климов хэлж байна.
Мөн тэрбээр, Оросын спортын эсрэг WADA-ийн үйл ажиллагаанд улс төрийн шинж илт байгаад эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. “WADA-ийн удирдах бүрэлдэхүүний тэн хагас нь НАТО-ийн гишүүн орны төлөөлөгчид, НАТО-ийн гол зорилго нь Оростой тэмцэх явдал, би WADA-ийн ажилтнуудыг бүгд НАТО-ийн нууц туршуулууд гэж хэлэхгүй ч үнэн хэрэг дээр ийм яг харагдаж байна” гэж Андрей Климов мэдэгдлээ.
Орос улс WADA-ийн ажилтнуудын эсрэг хориг тогтооно | ||
Үзсэн: 2048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.