
Японы ерөнхий сайд Абэ Шинзо Токио болон Сөүлийн хооронд түүхийн асуудлаар санал зөрөлдөөн байгаа ч Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпийн нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөж байна. “Киодо” агентлаг энэ тухай уламжиллаа. Үүний өмнө Өмнөд Солонгосын тал японы засгийн газрын тэргүүнд нээлтийн ёслолд оролцох урилга илгээж, ноён Абэ оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Хэдийгээр Өмнөд Солонгосын талаас урилга ирсэн ч гэлээ Абэ Шинзо нээлтийн арга хэмжээнд оролцох эсэх нь тодорхой бус байсан бөгөөд үүний гол учир шалтгаан бол Япон улс Солонгосын хойгийг булаан эзэлж байх үетэй холбоотой зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудал юм. Японы Засгийн газар 2015 оны 12 дугаар сард Сөүлтэй тохиролцоо байгуулж асуудлыг эцэслэн шийдсэн гэж үздэг ч БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин засгийн эрхэнд гарснаар энэ асуудлыг дахин нарийвчлан судалж үзэхийг шаардсан. Мөн Японы эрх баригчид Абэ Шинзогийн Олимпийн нээлтэд оролцох эсэх асуудалд санал хуваагдаад байна.
Зарим нэг нь, "Хоёр талын харилцаанд сэв суусан ийм үед Пёнчаны Олимпийн нээлтэд оролцох хэрэггүй, тэгээд ч Токио 2020 онд зуны Олимп зохион байгуулна, Пёнчаны өвлийн Олимп үүнд огт хамаагүй..." гэсэн байр суурьтай байна. Тэгвэл өөр нэг хэсэг нь "Солонгосын хойгийн байдал хурцадсан ийм үед Сөүлтэй харилцаа холбоотой байх нь чухал" гэж үзэж байна. Хэрэв Шинзо Абэ Пёнчаны Олимпийн нээлтийн арга хэмжээнд оролцох тохиолдолд тэрбээр ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзаж, зугаацуулагч эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж, Япон улсын байр суурийг биечлэн хүргэх зайлшгүй шаардлага гарна. Тэгээд ч БНАСАУ-ын эргэн тойронд бий болсон байдлыг зохицуулах хэтийн төлөвийг бас хэлэлцэж болох юм.
Өвлийн XXIII Олимпийн тоглолт Өмнөд Солонгосын Пёнчан хотод ирэх сарын 9-нөөс 25-нд болно.
Японы ерөнхий сайд Пёнчаны Олимпийн нээлтийн ёслолд оролцоно | ||
Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.