Шууд Chart

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-02-02 10:39:02

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2018.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр, Н.Оюундарь нар хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, ахмадуудын орлого, амьдралын баталгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийх тул нарийн тооцоо судалгаанд үндэслэн, нухацтай ажиллаж шийдвэр гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайдтай ойлголцсон хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Одоогийн хуульд “… Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно…” хэмээн заасан байдаг. Эл зохицуулалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж бусад жилийнхээ цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн хууль санаачлагч үзсэн байна.

Иймд 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд нэг жилээр, 2020 онд нэг жилээр нэмж долоон жил болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасан байгааг дэмжихгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв. Сангийн сайдын тайлбарлаж байгаа шиг нөхцөл байдал тулгарсан бол асуудлыг судалж, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай бол ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг  хуульчлахаар төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа бөгөөд туршлагатай ахмад ажилтнуудад сонголт хийх боломжийг олгон, үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй ач холбогдолтойг тэрбээр тэмдэглэн хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг төрийн тусгай албан хаагчид буюу цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчдыг бусад салбарын албан хаагчидтай адилтгах боломжгүй. Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хугацааг 7 жил болгон сунгаж буй нь цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг бууруулах эрсдэлтэй. Иймд төсөл дэх энэ зохицуулалтад цэргийн албан хаагчдыг хамруулахгүй байх саналаа илэрхийлж, салбарын яам анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр эдийн засгийн нөхцөл байдал 2016-2017 оны үеэс сайжирч байгааг тэмдэглээд “Цаашдаа цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эерэг үр дагавар гарах нь дамжиггүй.

Монгол Улс хямралаас гараад удаагүй байгаа, хэн нэгний бодлогогүй мэдэгдэл, хариуцлагагүй үйлдлээс болоод нийтээрээ хохирч эргээд эдийн засгийн нөхцөл хүндэрч болзошгүй эмзэг байна” гэдгийг онцолсон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай эрх зүйн зохицуулалтыг ярьж байгаа учир тэтгэвэр тогтоох, тооцох итгэлцүүрийг эргэж харах саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Сангийн сайдад хэлсэн. Мөн 7 жил болгох зохицуулалтыг ямар үндэслэлээр гаргав, олон улсад жишиг нь 10 жил байдаг, харин энэ нь Монгол Улсын нөхцөлд зохицох уу гэдгийг сайтар тооцох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн Н.Оюундарь гишүүн Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны зарчмыг өөрчлөх, хуримтлалын мөнгийг эргэлтэд оруулах тодорхой саналуудыг хэлсэн юм. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй