Шууд Chart

Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, хуулийн төслүүдийг баталлаа

2018-02-03 12:43:35

УИХ-ын чуулганы өчигдрийн /2018.02.02/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийлээ.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр 17 зорилт, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 6 зорилтыг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр өнөөгийн байдлаар зарим нааштай үр дүнд хүрээд байна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

 

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байгаа аж.

Малын тоо 2017 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 66.2 сая болж, өмнөх оноос 7.6 хувиар өсч, малын тоо 5 төрөл бүрт өсчээ.

Мал аж ахуйн салбараас 2016 онд нядалгааны жингээр 400,0 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, 14,0 сая ширхэг арьс ширийг тус тус үйлдвэрлэсэн байна.

Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өссөн дүн гарчээ.

Малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг шинээр байгуулж, 65.5 мянган үрийг дотооддоо үйлдвэрлэж, өндөр ашиг шимт малын 10.0 мянган тун үрийг гадаадаас авч 5.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, монгол малын 3 үүлдэр, омгийг шинээр баталгаажуулан, Монгол Улс нийт 47 үүлдэр, омгийн малтай болсон байна.

Бэлчээр, байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд 15 аймаг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн нийт 670 мянган га бэлчээрт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн доройтлыг бууруулжээ.

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргасан байна.

Шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг, малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулсан байна.

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 83,3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангаж, ЕБС-д сурч байгаа малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд 3,0 мянга гаруй малчны хүүхдийг хамруулсан байна. 

Мал хамгаалах сангаар дамжуулан 129,9 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мал, түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаажуулах, эдийн засгийн аливаа харилцаанд оролцоход өөрийн баталгааны тэмдэгтэй байх боломжийг бүрдүүлжээ. Мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 652 малчин өрхөд 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.

Малчдыг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд зориулан 218 тэрбум төгрөг, малын тэжээлийн хангамжийг сайжруулахад 3,5 тэрбум төгрөг, малчдын бүлгийг дэмжихэд 1,3 тэрбум, малчдын хоршоог дэмжихэд 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн аж.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд малчдыг эрүүл мэндийн даатгалд бусад даатгуулагч нараас  ялгамжтай,  хөнгөлөлттэй үнээр хамруулж, Хүний хөгжил сангаас 1,2 тэрбум төгрөг зарцуулан төрөөс малчдыг 100 хувь эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Ойрын хугацаанд юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан Малын эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог шийдвэрлэхээр ажиллаж байгаа хэмээн Ерөнхий сайд хэллээ.

Мөн байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг авах, хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх, жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоог улам сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд малын индексжүүлсэн даатгалд малчдыг хамруулах асуудал, махны үйлдвэр байгуулах ажил ямар шатанд яваа талаар тодруулсан. Мөн Хөдөө аж ахуйн парк байгуулах, Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-ын Засгийн газрын 78 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр махны дөрвөн үйлдвэрийг байгуулахаар талуудтай ярилцаад байгаа гэлээ. Махны үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг өмнөд хөрш рүү экспортлох асуудлаар мөн Хятадын талтай санал солилцон, дэмжсэн хариу аваад байгаа хэмээсэн.

БНУУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр болж, энэ асуудлаар тус улсаас манай улсад суугаа Элчин сайдтай удаа дараа уулзсан гэж сайд Б.Батзориг мэдээлсэн. Биокомбинатыг өргөтгөн жилдээ 5-10 сая тун шингэн, 15-25 сая тун хуурай вакцин үйлдвэрлэх шугам, лаборатори байгуулахаар төлөвлөн, ажлыг ирэх зургадугаар сараас эхлүүлнэ гэж тэрбээр хэлсэн. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдсанаас хойш 2016 онд 21 мянган өрх 6 сая малаа, 2017 онд 24.8 мянган өрх 8,9 сая малаа даатгуулжээ. Иргэд малын индексжүүлсэн даатгалын ашиг тусын талаар мэдээлэл авч, үр шимийг нь хүртэж буй болохоор цаашид даатгуулах малын тоо өснө гэсэн мэдээллийг салбарын сайд өгсөн.

Түүнчлэн сайд Б.Батзориг энэ жил эхний ээлжинд Эмээлтийн хөдөө аж ахуйн парк байгуулах ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа хэмээн мэдээлсэн.


Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, хуулийн төслүүдийг баталлаа  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй