Шууд Chart

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болов

2018-02-06 13:11:47

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаан 09 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол УИХ-ын чуулганы 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх явцад чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид улсын эрх олгох тухай заалтыг өөрчилж, улсын ахлах байцаагч болон улсын байцаагчийн эрхийг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцалж байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзсэн болно. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны тухай дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэснийг “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгахаар оруулж байгааг танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нар асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-ыг үндэслэн Ажлын хэсгийн саналыг дэмжих эсэх талаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэв. Иймд Ажлын хэсгээс гаргасан “25.2.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны ерөнхийлөгч олгож, цуцална.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болов  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй