Шууд Chart

З.Мэндсайхан: Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай

2018-04-03 17:04:15

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхантай уулзаж, сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцлаа.

-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын талаар олон нийтээс ихээхэн шүүмжлэл ирдэг. Энэ төлбөрийн талаар тайлбар өгөхгүй юү?

-Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор УИХ-аас 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Энэ хуулиар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг харьцангуй өндөр үнээр худалдан авахаар заасан байдаг. Тиймээс нарны эрчим хүчийг ашиглан гарган авсан цахилгаан эрчим хүчийг нэг кВт.цаг тутамд 0.15-0.18 ам.доллар, салхины эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг нэг кВт.цаг тутамд 0.08-0.095 ам.доллароор тус тус худалдан авахаар хуульчилсан. Нэгэнт ингээд хуульчилсан учраас санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай болсон. Иймд сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулж дэмжих тарифыг бий болгосон. Одоогоор эцсийн хэрэглэгч өөрийн хэрэглэсэн кВт.цаг цахилгаан эрчим хүч тутамд ногдох сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг төлж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиндаа "Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” гэж заасан. Энэ хуулийн дагуу л авч байгаа төлбөр.

-Сэргээгдэх эрчим хүчний төлбөрт авсан мөнгийг юунд зарцуулдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар Төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлж буй цахилгаан эрчим хүчийг энэхүү дэмжих тарифын тусламжтайгаар худалдан авч байна.

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт яг одоо амжилттай хэрэгжиж байгаа ямар төслүүд байна вэ?

-Одоогоор манайд 50 МВт суурилуулсан хүчин чадалтай Салхит салхин цахилгаан станц, 10 МВт суурилуулсан чадалтай Дарханы нарны цахилгаан станц, 10 МВт суурилуулсан чадалтай Моннаран нарны цахилгаан станц, 50 МВт суурилуулсан чадалтай Цогтцэций салхин цахилгаан станцууд ашиглалтад ороод үйл ажиллагаагаа явуулж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр ашиглалтад орвол энэ дэмжих тариф нэмэгдэх үү?

-Одоогоор эрчим хүчний барилга байгуулах тусгай зөвшөөрлөө авч эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулаад санхүүгийн хаалтаа хийсэн сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр 2018, 2019 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орсон тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф энэ оны эцэст 25.17 төг/кВт.ц, 2019 онд 31.17 төг/кВт.ц болж нэмэгдэх урьдчилсан тооцоо судалгаа байна.

-Манайх шиг эрчим хүчний хэлбэлзэл өндөртэй улсад усан цахилгаан станцаар тохируулга хийх нь тохиромжтой гэж ярьдаг. Эгийн гол тэргүүтэй усан цахилгаан станцуудын төсөл ямар шатанд явж байгаа вэ?

-Манай улсын эрчим хүчний үндсэн эх үүсвэр нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 96 хувийг дулааны цахилгаан станцуудаар үйлдвэрлэж байна. Дулааны цахилгаан станцууд нь өөрийн үйлдвэрлэлээ богино хугацаанд өөрчлөн ажиллах чадвар хомс. Ер нь дэлхийн улс орнууд эрчим хүчний салбарын уян хатан байдал, горим тохируулгыг усан цахилгаан станц, хийн цахилгаан станцуудаар хангадаг. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станц (УЦС)-ыг барьж байгуулахаар ажиллаж байна. Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний нэгдсэн системд үр ашигтай тохируулга хийж, оргил ачааллыг давж гарах чадвар бүхий эх үүсвэр бий болно. Мөн эрчим хүчний хараат бус, бие даасан байдлыг хангаж, ОХУ-д жил бүр төлдөг импортын төлбөрийг хэмнэж валютын гадагш урсгалыг бууруулна. Одоогоор төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, авто зам, гүүрийн ажлын нарийвчилсан зураг төслийг шинээр хийж гүйцэтгэн зохих эрх бүхий байгууллагуудаар батлуулаад байна. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооноос Монголын талд хүсэлт тавьсны дагуу Эгийн голын УЦС-аас Сэлэнгэ мөрний усны горим болон Байгал нуурын ус зүйн нөлөөллийн судалгааг Франц улсын "Трактебел инженеринг” компаниар олон улсын стандарт, шаардлагын дагуу хийлгүүлсэн. Эгийн голын станцын усан сан дүүргэх 2.5 жилд 0.023 хувийн нөлөөлөл үзүүлж болзошгүй буюу энэ нь үл мэдрэгдэх нөлөөлөл гэсэн дүгнэлт гарсан. Одоо ЮНЕСКО болон Дэлхийн өвийн хорооны зөвлөмжийн хүрээнд Байгал нуурын биологийн олон янз байдалд Эгийн голын УЦС-ын төслөөс үзүүлж болзошгүй нөлөөллийн нэмэлт судалгааг хийхээр Ажлын даалгавраа батлуулан бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

-Цөөн хэрэглэгчтэй, сэргээгдэх эрчим хүчний асар их баялагтай Монгол Улс цаашид яаж сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх шаардлагатай вэ?

-Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин их баялаг нөөцтэй болохыг олон тооны судлаачдын дүгнэлтээс харж болно. Цаашид бид энэ их нөөц баялгаа ашиглан өөрсдийн эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ улс орнуудын эрчим хүчний хэрэглээг хангах бүрэн боломжтой. Энэ хүрээнд Зүүн хойд Азийн супер сүлжээ барьж байгуулах төслийн судалгааны ажлыг Япон, БНХАУ болон БНСУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж эхлүүлээд эрчимтэй ажиллаж байна. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүчний нөөц нь тогтворгүй байдаг дутагдалтай талтай. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг бусад эрчим хүчний эх үүсвэртэй хосолмол байдлаар хөгжүүлэн эдийн засаг, байгальд ээлтэйгээр ашиглахыг зорьж байна. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний үнийг уян хатан болгож, өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэх шаардлага байгаа юм. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг "Нарны цахилгаан станцыг барихад үнээр өрсөлдүүлэх зарчмаар тендер зарлаж, хямд үнийг тогтоодог механизмыг хэрэгжүүлснээр нарны станцаас үйлдвэрлэх цахилгааны үнэ буурна” гэж мэдээлсэн байгаа. Сэргээгдэх эрчим хүчний төслийн байршил, үйлдвэрлэх цахилгааны хэмжээ, олон улсын хөнгөлөлтийн механизмд хамрагдсан эсэхийг харгалзан үзэж, барьж байгуулах үйл ажиллагааг хямд үнээр нь сонгон шалгаруулдаг, дуудлага худалдаа буюу өрсөлдөөнт зах зээлийн системийг нэвтрүүлэх асуудал яригдаж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд үүсч байна вэ?

-Манай улс "Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт 2023 оны төвшинд нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг суурилагдсан хүчин чадлын 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэнэ гэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Уг баримт бичигт сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлнэ гэж заасан байгаа. Зохистой харьцаа гэдэг нь манай улс өөрийн онцлогтоо тааруулж тодорхой хязгаарлалттайгаар, үе шаттай хөгжүүлнэ гэсэн үг. Өнөөдөр манай системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэхэд үүсч байгаа хоёр төрлийн хүндрэл байгаа юм. Нэгдүгээрт үнэ тариф, хоёрдугаарт техникийн горимын хүндрэл. Үүнийг шийдэхийн тулд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болгох, хуулиар хатуу тогтоосон үнэ тарифын хязгаарыг өөрчилж уян хатан болгох, мөн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглаж эрчим хүчний хуримтлуурын системийг ашиглаж эхлэх шаардлага үүсч байна. "Бидний тооцоогоор 2019 оны эцэс гэхэд Монгол Улсын нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 21 хувьд хүрэхээр байна. Цаашид бид зөвхөн нэгдсэн сүлжээнд ажиллах их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлээд зогсохгүй түгээх сүлжээнд айл өрхийн хэмжээнд ашиглагдах тархмал үүсвэрүүдийг ашиглахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 10,000 нарны дээвэр хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр бид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах боломж бий юү. Хуульд ямар өөрчлөлт оруулах боломжтой бол?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх 2007 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах зорилгоор баталж байсан. Энэ хуулийг хэрэгжүүлсэн 10 орчим жилийн хугацааны үр дүнг үзвэл анхны тавьсан зорилгоо үндсэндээ биелүүлсэн гэж үзэж болохоор байна. Одоогоор нийт эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр өнөөгийн эрчим хүчний салбарын технологийн төвшинд байж болох хамгийн боломжтой хэмжээндээ ойртон очиж байна. Нэг талаас эрчим хүчний системийн хувьд сэргээгдэх эрчим хүчний хувьсамтгай эх үүсвэрийг шингээж авч чадах дээд хязгаартаа ойртохоор байгаа нь цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлбэл системд тогтворгүй байдал үүснэ. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний технологийн үнэ сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр огцом буурч байна. Өнөөдрийн байдлаар нарны эрчим хүчээр 29 компанид 707 МВт-ын, салхины эрчим хүчээр таван компанид 505.4 МВт-ын, ус болон биомасс, бусад эрчим хүчээр таван компанид 299.4 МВт-ын нийт 39 компани 1,531.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрлийг авсан байна. Гэтэл өнөөдөр төвийн бүсийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1,229.5 МВт байдаг. Бид одоо хэрэглэж байгаагаасаа давсан хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зөвшөөрөл олгосон байна. Хэрэв эдгээр тусгай зөвшөөрөл авсан бүх хуулийн этгээдүүд нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүдээ барьж байгуулбал эрчим хүчний систем маань бүхэлдээ хүнд асуудалд орж ажиллаж чадахгүй байдалд хүрэхээр байна. Энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд үнэ тариф, цаашид сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх шаардлага бодитой байна гэж дүгнэж болохоор байна. Иймд сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.


З.Мэндсайхан: Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай  
Үзсэн: 3402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.14.xxx] 2018-04-06 08:33
ail bolgonoos sergeegdh erchin huchni huraamj gj huraaj awaad yu hj giiguulsn ym be ta nar huni talhmiv mungunuus horoogd ichrech

Бидэнтэй нэгдээрэй