Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “Эрдэнэсийн сан” 108 ботийг эрхлэн гаргагч “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас Энэтхэгийн алдарт Махабхарата зохиолыг эрхлэн гаргаад байна.
Уг зохиолыг залуу орчуулагч Б.Баясгалан эх хэлнээ буулгасан бөгөөд хүүхэд багачуудад зориулан нэлээд хураангуйлан хялбаршуулсан хувилбарыг сонгосон байна.
Махабхарата хэмээх эл туульс нь хүн төрөлхтний оюун санаа, гүн ухааны нэгэн мөнх сүмбэр оргил, утга зохиол, уран яруу сэтгэлгээний гайхамшигт илэрхийлэл, хүмүүний зүрх сэтгэлийн охь нандин бүхний дээж төдийгүй хамгийн эрт цагт бичигдсэн хамгийн аугаа том туурвил болно.
3000 орчим жилийн тэртээх Энэтхэг оронд эртний Санскрит хэлнээ анх бичигдсэн энэ хөлгөн туульс 20 боть агаад Библиэс даруй дөрөв дахин, Илиада, Одиссейг нийлүүлснээс долоо дахин том аж.
Туульд Энэтхэгийн төв нутагт байх Курукшетра хэмээх талд Пандугийн хаан хөвгүүдийн хоорондын 16 өдрийн турш үргэлжилсэн их тулалдааны тухай өгүүлэх бөгөөд зарим судлаачид энэхүү үйл явдлыг МТӨ 3102 онд болсон гэж үздэг. Гэвч сүүл үеийн археологийн болон бусад судалгаагаар уг тулалдаан нь Төмөр зэвсгийн үе буюу МТӨ 1500 оны үед болсон хэмээн үзэж буй аж. Харин МТӨ 900 оны үед анхлан бичиж тэмдэглэсэн бололтой. 9000 орчим шад шүлэгтэй эхний хувилбараас гадна мөн 2400, 10 000 шад бүхий хоёр ч хувилбар байдаг аж.
Эртний Энэтхэгийн домогт өгүүлэхээр бол их хөлгөн дөрвөн дээд Вээдийг төгс судалсан мэргэн гэгээн Вьясийн хүсэлтээр шавь Вайшанбааяна нь Жанамэжя хааны тахилга дээр энэхүү туульсийг хэлснээр эхэлж мэндэлсэн гэх. Хожимхон дээдэс Бирманы хүсэлтээр Вьяс мэргэн Ганеша бурханд “Махабхарата” туулийг хэлж өгөн бичүүлснээр номын эх дүрээ олсон гэх бөлгөө.
Махабхарата нь маш нарийн төвөгтэй, гэхдээ туйлын эмх цэгцтэй бүтээл юм. Энд яруу найраг, хүүрнэл зохиол, домог, ёгт үлгэр, харилцан яриа зэрэг олон төрөл зүйлийг хамарч, ертөнцийн үүсэл гарвал, оюун санаа, бурхдын дэслэл, хүний амьдралын орших, эс оршихуйн гүн ухаан, үйлийн үрийн мөн чанар, ёс суртахууны зааг хязгаар, зан заншлийн утга учир, төр засах номлол хийгээд цэцэн мэргэн ухаан гээд хүний амьдралын бүхий л талыг нэвт тольдсон учир эртний Энэтхэгийн амьдралын нэвтэрхий толь төдийгүй тав дахь Вээд буюу Ариун судар гэж дээдлэн үздэг байна.
Тулааны ид оргил үеэр Аржун баатарт дээд бурхдаас хүний төрөлд бууж ирсэн Шри Кришнагийн өгүүлсэн утга төгөлдөр сургааль нь Бахагавад Гита хэмээх гүн ухааны их судрын амин сүнс болдог бөгөөд Хиндийн шашны гүн ухааны мөн чанарыг бүрнээ илтгэн үзүүлжээ.
Энэтхэгийн 8 настай балчраас 80 настай өтгөс хүртэл мэддэг уг туульс нь хүн төрөлхтний оюун санааны хосгүй үнэт өв, дэлхий уран зохиолын эрдэнэсийн сангийн нэгэн цул очир алмааз юм. Уг туульсийг түмэнд түгээсэн хүмүүн мянгантаа төрөл дэвших буяны үрийг хураадаг бол түүнийг сонссон болон уншсан хүмүүн бүх ертөнцийн эргэл мөргөлийн ариун газруудаар хэрэн явж, хилэнц нүглээсээ салах их буян үйлдсэн лугаа адилд тооцогддог ажгуу.
Махабхарата нь Хинди болон Бурханы шашин хийгээд Дорно дахины утга зохиолд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн ба өнөөдөр ч энэ их туулийн гүн гүнзгий утга санааг ухан ойлгох үйл явц үргэлжилсээр буй билээ.
Монголчууд эл хөлгөн их туульстай нэн эртнээс танилцаж, үдшийн цагаар дэнгийн гэрэлд хэлэлцдэг байсан хийгээд хожуу 1980-аад оны эхээр манай ахмад орчуулагчид нэгэн богино хувилбарыг нь монгол хэлнээ буулгаж уншигчдын хүртээл болгож байсан боловч өнөө тэр ном олдохуйяа бэрх болжээ. 2007 онд доктор М.Шагдарсүрэн мөн монгол хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгосон байна.
Энэ удаад уншигчдийн гарт очиж буй Махабхарата нь хүүхэд багачуудад зориулан нэлээд хураангуйлан хялбаршуулсан, түмэнд түгээмэл болсон хувилбар нь бөгөөд үүнийг манай их гүүш орчуулагчдын залгамж болж буй залуу орчуулагч Б.Баясгалан эх хэлнээ уран яруу буулган ихийн их буян үйлдэв.
Б.Номинчимэд
| Алдарт "Махабхарата" хүүхдэд зориулсан хэлбэрээр хэвлэгдлээ | ||
| Үзсэн: 7480 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.