Шууд Chart

200 сая төгрөгийн төлөөх “Мазала” дээд лиг маргааш эхэлнэ

2018-04-27 09:55:41

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Дээд лиг”-ийн тэмцээн энэ жил “Мазала” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна.

Лигийн тэмцээн болохоос долоон хоногийн өмнө тус холбоо “Андууд сити клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК-тай хамтран 2018-2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан билээ.

Энэ хүрээнд үндэсний “Дээд лиг” энэ жилээс эхлэн 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдахаар болсон. Тиймээс энэ удаагийн “Мазала” лигийн тэмцээн Монголын спортын түүхэнд дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ нэгэн түүхэн амжилтыг бичсэн юм.

Тэгвэл шагналын сан өндөр гэдгээрээ анхаарал татаж буй “Мазала” дээд лиг маргааш хөлбөмбөгийн талбайд эхэлнэ. Дээд лигт “Атлетик 220”, “Арвис”, “Гоёо Эф Си”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Улаанбаатар сити”, “Хангарьд”, “Жипро”, “Эф Си Улаанбаатар”, “Эрчим” гэсэн 10 баг өрсөлдөнө.

“Мазала” дээд лигийн ирэх амралтын өдрүүдэд болох тоглолтын хуваарийг хүргэж байна.

ХУВААРЬ: (2018.04.28-29)

“СЭЛЭНГЭПРЕСС” – “ХАНГАРЬД”

  • Бямба гаригийн 14:00 цагт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын тоглолтоор эхэлнэ. Үндэсний шигшээ багийг дасгалжуулж явсан И.Отгонбаярыг, “Хангарьд”-ын босс М.Отгонбаяр хэрхэн угтах нь хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж буй нь дамжиггүй.

“АНДУУД СИТИ” – “ДЭРЭН”

  • Өнгөрсөн жил үндэсний лигт дэвшсэн Г.Даваа-Очир дасгалжуулагчтай “Гоёо Эф Си” энэ улирлаас “Андууд сити” нэрээр дээд лигт хүч үзнэ. Г.Даваа-Очир дасгалжуулагчийн шавь нар өнгөрсөн улиралд аль ч багт амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулаад амжсан. “Дэрэн”-ийн залуус тэдний 2017-2018 оны улирлын шилдэг тоглолтуудад дүн тавьж, шинэ улирлын өнгийг нь тодорхойлж чадах өрсөлдөгчид гэдэгт эргэлзэх зүйлгүй.

“ЭФ СИ УЛААНБААТАР” – “АТЛЕТИК 220”

  • Өнгөрсөн жил дээд лигт дэвшиж, эхний жилдээ л хүрэл медаль хүртсэн “Атлетик 220” улирлын эхний тоглолтоо эрс шинэчлэгдсэн “Эф Си Улаанбаатар”-тай хийнэ. Нийслэл хотын улаан өмсгөлтнүүд үндэсний шигшээ багийн тоглогчид болох Ц.Мөнх-Эрдэнэ, Ж.Сүндорж, Б.Балжинням зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэснээс гадна UEFA PRO ангиллын дасгалжуулагч Марко Ражинигаар багаа удирдуулахаар болоод байгаа билээ. Нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тулаан гэгдэж буй “Эф Си Улаанбаатар”, “Атлетик 220” багуудын тоглолтын эхний шүгэл бямба гаригт 20:00 цагаас дуугарна.

“ЭРЧИМ” – “ЖИПРО”

  • Ням гаригт лигийн шинэ цэргүүд өнгөрсөн жилийн алт мөнгөн медальтнуудтай тулна. Эхлээд 16:00 цагаас үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим”-ийн ДЦС-4 талбайд, анх удаа дээд лигт оролцож буй “Жипро” зочлоно.

“АРВИС” – “УЛААНБААТАР СИТИ”

  • Нэгдүгээр лигт түрүүлэн дээд лигийн эрхийг нүүр бардам авсан “Арвис”-ын залуус жил ирэх тус хүчирхэгжиж буй “Улаанбаатар сити”-тэй ням гаригт 20:00 цагаас тоглоно. Энэ улирлаас эхлэн үндэсний лигийн тоглолтууд оройн цагаар, үзэгчдэд таатай үеэр явагдах учраас та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг зорьж, багаа дэмжээрэй. Мөн MNB Sport, mycujoo.tv ээр бүх тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой.
Нийтэлсэн: У.Баярсайхан

200 сая төгрөгийн төлөөх “Мазала” дээд лиг маргааш эхэлнэ  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй