
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэгдсэн гэмт хэргээс зам тээврийн ослын 14 гэмт хэрэг буюу нийт хэргийн 12.4 хувийг эзэлжээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 45 буюу нийт зөрчлийн 69.2 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Иймээс "Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааг эрхэм жолооч нар минь жолооны ард сууж байхдаа битгий хэрэглэж байгаарай гэж хэлж уриалмаар байна” гэх Б.Цэрэнпилийн ярилцлагыг хүргэж байна.
Тэрбээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /Зам тээврийн осол/ үйлдсэний улмаас хорих ял эдэлж байгаад хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм.
-Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?
-Суллагдсан гэдэгтээ итгэхгүй байна. Магадлангийн хурлаар орно гэдгээ мэдэж байсан. Тэгээд яг суллагдсан чинь хэлэх ч үг олдохгүй байна. Маш их баяртай байна. Хамгийн түрүүнд гэр бүл минь бодогдож байна. Тэдэндээ очих гэж маш их яарч, догдолж байна. Хурдхан гэртээ очмоор байна.
-Та ямар гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлэх болсон бэ?
-Би архи уусан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө үүрээр машин барьж яваад онхолдоод сайн найзыгаа алдсан. Энэ асуудалд одоог хүртэл гутарч явдаг. Би өөрөөсөө болж хамгийн сайн найзыгаа алдсан. Найзууд минь шөнө ирэхээр нь доргиод хамт архи ууж хоноод өглөө нь үүрээр машин барьж яваад хэсэг нойрмоглоод замын хажуу руу унасан. Би 100км/ц орчим хурдтай явж байсан. Тухайн үед би өөрөө ч амиа алдаж магадгүй байсан. Осол аваар гэдэг чинь нүд ирмэхийн зуур л болоод өнгөрдөг, эрдэнэт хүний амийг аваад оддог маш харамсалтай зүйл гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Энэ асуудалд одоо хүртэл маш их харамсаж, өөрийгөө буруутгадаг. Архийг би өөрөө хүсэж ууснаас биш миний ам руу цутгасан хүн байхгүй. Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял сонсоод надад маш хэцүү байсан. Яаж энэ их хугацааг барна даа гэж бодож байсан. Өдгөө 1 жил 5 сарын хорих ял эдлээд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж байна.
Иймээс хорих ангийн хамт олон, прокурор, шүүхийн байгууллагынханд маш их баярлаж, талархсанаа хэлмээр байна. Хүнд цаг хугацаа дахин олдохгүй. Шоронд өнгөрөөж амьдралаасаа алдсан 1 жил 5 сарыг нөхөж, хичээж амьдарна, шүүхийнхний хүлээлгэсэн итгэлийг алдахгүй. Миний гаргасан алдааг олон бүү давтаасай гэж жолооч нарт хандаж үг хэлж болох уу.
-Бололгүй яах вэ?
-Нийт жолооч нартаа хандаж "Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааг эрхэм жолооч нар минь жолооны ард сууж байхдаа битгий хэрэглэж байгаарай” хэлж уриалмаар байна. Осол аваар гэдэг чинь нүд ирмэхийн зуур болоод өнгөрдөг, дээрээс нь эрдэнэт хүний амийг аваад оддог, дараа нь харамсаад ч барахгүй зүйл гэдгийг дахин дахин хэлье.
Э.Одончимэг
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Б.Цэрэнпил: Шүүхийнхний итгэлийг алдахгүй, алдсан хугацаагаа нөхөж амьдарна | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.