Шууд Chart

“Хөлбөмбөгөөр дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт семинар үргэлжилж байна

2018-05-04 11:49:52

Монголын хөлбөмбөгийн холбоонаас санаачлан Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгөөр дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт семинар БСШУСЯ-ны хурлын танхимд өчигдөр эхэлсэн билээ.

Энэхүү семинар нь хөлбөмбөгөөр дамжуулан нийгмийн хөгжил, сайн сайхны төлөө, МХБХ-ны олон талт үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Уг семинарт оролцож илтгэл тавихаар АХБХ-ны Нийгмийн хариуцлагын хэлтсийн дарга Аннатурай Ранганатан хүрэлцэн ирсэн бөгөөд үйл ажиллагааг түүний хамтаар МХБХ-ны ЕНБД Ө.Шижир нээж үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Семинарт Нийслэлийн есөн дүүргийн бага, дунд сургуулийн биеийн тамирын багш нар болон Монголын охидын шигшээ багийн тамирчид хамрагдсан юм.

"Дуулиан 2020" тэмцээнд оролцдог сургуулиуд болон "Их талын дуулиан" ТББ-ын төлөөлөгчид, Нийслэлийн боловсролын газрын зүгээс нэн чухал сэдвээр сургалт хийж буй МХБХ-нд талархал илэрхийлж "Дуулиан" тэмцээний медалиудын цомгийг бэлэглэлээ.

Семинарт оролцогчдод Монголын төрийн бус байгууллагын төлөөлөгчид, судлаачид өсвөр үеийн тамирчид тэр дундаа эмэгтэй тамирчдад тохиолддог асуудлууд, ололт амжилт, сэтгэл зүйл, саад бэрхшээл, тэдгээрийг даван туулж өөртөө итгэлтэй байх гэх мэт олон зүйлсийн талаар мэдээлэл хүргэсэн нь оролцогчдод нэн сонирхолтой, ач холбогдолтой байсныг оролцогчдын зүгээс тэмдэглэн хэлж талархал илэрхийлж байв.

Мөн АХБХ болон МХБХ-ноос цаашид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн талаар болон нийгмийн хариуцлагын асуудлаар баримтлах бодлого, төлөвлөгөөны талаар танилцуулж, семинарын төгсгөлд олон сэдвээр, бүхэл өдөр үргэлжилсэн семинарт амжилттай оролцогчдод сертификат гардуулан цаашдын нь ажилд амжилт хүслээ.

Өнгөрсөн лхагва гарагт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ноён Аннатурай Ранганатаныг хүлээн авч уулзан, цаашид нийгмийн хариуцлагын чиглэлээр дөрвөн жилээс доошгүй хугацаагаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд АХБХ-ны төлөөлөгч МХБХ-ны санаачлагыг талархан дэмжиж, анхны тусламж, тоглолт наймаалцах, допинг хэрэглэхийн эсрэг сэрэмжлүүлэг ажил хийх, пара олимпд оролцох хөлбөмбөгийн баг байгуулж, дасгалжуулагчийг нь сургах зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм.

“Хөлбөмбөгөөр дамжуулж эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт нийгмийн хариуцлагын төсөл өнөөдөр МХБХ-ны талбайд хүүхдийн “Грассрүүтс” хөтөлбөрөөр үргэлжилж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөлбөмбөгөөр дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт семинар үргэлжилж байна   
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй