Шууд Chart

Т.Анхбаяр: Хасагдах шатны тоглолтууд амаргүй байх болно

2018-05-08 12:03:58

МХБХ-ны насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож буй манай клүбийн нэгдүгээр баг “В” хэсэгт “Талын хөх арслангууд”-ыг 5:1, “Номадик Хантерс”-ыг 4:1, “Сонгинохайрхан Би Форвард”-ыг 4:2-оор хожсоноор нэгдүгээр байраар шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Эдгээр тоглолтод дөрвөн гоол оруулж, төдий тооны гоолын дамжуулалт өгсөн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Т.Анхбаяртай цөөн хором ярилцлаа. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д гурав дахиа оролцож буй бөгөөд 2016 онд мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн жил 1/4 шигшээд үлдсэн юм.

-“ДМЮ” энэ жилийн УАШТ-д ямар зорилготой оролцож байна вэ?

-МХБХ-ны нэгдүгээр лигийн эрх авах, хамгийн өндөр амжилт үзүүлэх зорилготойгоор УАШТ-д оролцож байна. 

-Та бүхэн энэхүү тэмцээн өмнө нь хоёр удаа оролцож байсан ч хэсгийн тоглолтод 100 хувийн амжилт үзүүлж байгаагүй. Харин энэ жил гурав ялахад юу хамгийн ихээр нөлөөлөв?

-Манай багийнхан тоглолтоо бүрэн дүүрэн гаргаж чадсан болохоор гурав хожиж хэсгээ тэргүүллээ. Бидний бэлтгэл сургуулилт сайн байгаа. Футзалын улирал өндөрлөсний маргаашаас талбайн бэлтгэлд гарч, амралтаа ч сайн зохицуулж чадсан нь гол нөлөө үзүүлсэн. 

-Тавдугаар сарын 3-нд 18 нас хүрсэн өдрөөрөө гоёмсог гоол хийсэн шүү?

-Төрсөн өдрөөрөө тоглох гоё юм билээ. Гэхдээ сайн тоглоё гэж хичээснээс биш гоё гоол хийнэ гэж бодоогүй. 

-Хэсгийн гурван тоглолтод дөрвөн гоол хийгээд байна. Шилдэг довтлогчийн шагнал хэр ойрхон байна вэ?

-Би тусгай шагналын тухай нэг их боддоггүй. Хамгийн чухал нь багийн амжилт. 

-Гэхдээ тусгай шагнал авалгүй удсан байна шүү?

-Тийм байна (инээв). 

-Хасагдах шатны тоглолт удахгүй эхэлнэ. Энэ тухай юу бодож байна вэ?

-Маш амаргүй байх болно. Хэсэгтээ хэрхэн тоглосон нь ямар ч хамаагүй болохоор маш хянуур байх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий шөвгийн наймд “Хад”-д 0:1-ээр хожигдсон нь бидэнд маш том сургамж болсон. Тиймээс бид бэлтгэлээ өдөр бүр базааж байна.

-Энэ жил танай багт боломж хэр байгаа вэ?

-Бидэнд боломж бий. Манайх цөөн хүний ур чадварт найдаж тоглодог баг биш. Жигдхэн олон тоглогчтой нь бидний давуу тал. Тэгээд ч Ө.Төрбилэгт ах эргэн ирж, А.Мөнх-Оргилын бэлтгэл сайжирч, 2002 оныхны ур чадвар өдрөөс өдөрт өсч байна шүү дээ. 

-Сайн тоглоод, зорилгодоо заавал хүрээрэй?

-Баярлалаа, хичээнэ ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Анхбаяр: Хасагдах шатны тоглолтууд амаргүй байх болно  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй