Шууд Chart

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2018-05-23 10:34:02

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Ундармаа хийв. Ажлын хэсэг тавдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төсөлд бүрэн тусгасан байна.

Тухайлбал, төслийн хавсралтад зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд орон нутаг оролцдог байх, Чингис хааны өмнөх болон дараах үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажлыг хангах, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг боловсронгуй болгох замаар үе шаттайгаар цалин, хөлсийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин үеийн нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох, сүрьеэгийн эмнэлгийг барилгыг шинэчлэх, МСҮТ-ийн оюутнуудад 70000 төгрөгийн тэтгэмж олгох зэрэг зарчмын саналыг төсөлд нэгбүрчлэн тусгасан байна.

Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу нээлттэй үлдээсэн Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц, хуваарь гэсэн шалгуур үзүүлэлтийг тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод нэмэх саналын томъёоллыг бэлтгэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн  саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.


Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй