
Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.
..Эмнэлэгт хэвтээд сар гаруй болж байлаа. Нэг өдөр “Үдшийн хэмнэлийн“ залуу найруулагч хоёр гурван залуу ирж Авираа хэсэг нөхөдтэй “Жааг” гэж компани байгуулан телевизээс гарсан. Одоо бид удирдлагагүй боллоо. Ажилдаа орж “Үдшийн хэмнэл”-ээ аваач ээ гэж хэдэн улаан помидор барьчихсан ирж билээ. Би тэгье л гэсэн. Тэр үе телевизийнхэн “Өнөө Золоо чинь авгай нь салж яваад галзуурсан юм гэнэ, эмнэлэгт хэвтсэн гэнэ” гэж ярьцгааж байсан юм. Тэрийг сонсоод жаахан гомдох сэтгэл төрж байж билээ. Харин ашгүй Ч.Янжмаа найруулагч үйлдвэрчний хорооноос хэдэн төгрөг гаргуулж намайг нэг эргэсэн юмдаг. Тэгэхэд мөн ч их баярласан даа. “Үдшийн хэмнэл” студийн дахин сэргэлт тэр намраас эхэлсэн. Гэхдээ би ганцаар бүгдийг хийгээгүй. Б.Баяраа, Б.Нямхүү гээд шижигнэсэн залуучууд 95 он хүртэл сайн ажилласан. Тэрний дараа ГО. Бадарч, Д. Ганзориг гээд өөр уран бүтээлчдийн халаа эхэлдэг. 93 оны зун Телевизийн даргаар Ш Алтансүх болж нэлээд өөрчлөлт хийсэн байв. Алтансүх дарга шаардлага өндөртэй хариуцлагыг яв цав тооцох гэж эрмэлздэг хүн байлаа. Авираа болж өгвөл өөрөө шийдэх гэдэг нилээн бие даасан бодолтой бас эрх чөлөөтэй байх дуртай байсан болов уу. Юу юугүй хэн хүнээр шахаж шаардуулаад байх хүн биш. Бас хүний үгээр бөмбөрөөд байдаг ч хүн бишсэн. Энэ нь Алтансүх даргын ягштал гар дороо байлгах гэсэн бодолд нийцэх аргагүй байснаас Авираа өөрийн дураар явж эрх чөлөөг эрмэлзсэн нь эндээс нэг мөр явах шалтаг болсон юм болов уу гэж хожим бодогдож билээ. Хүч чадалтай хүмүүс хүний дор орохыг хүсдэггүй. Тэр тусам санаа бодол нийлэхгүй хүний дор орохыг бүр хүсэхгүй л дээ. Нөгөө нэг шалтгаан нь Алтай нарын хэсэг нөхөд маань телевиз Радиогоосоо гарсан явдал юм. Манай Хэрэг эрхлэх газрын даргаар Өвгөнхүү гэж хүн ирж хуучин бүрэлдэхүүн татан буугдсан хэрэг. Энэ том байгууллага толгойлж байгаад буусан хүн сурвалжлага хийгээд гүйх нь юу л бол. Алтайгийн хувьд тийм дүгнэлт хийж байж билээ. Эндээс Алтай, Авираа хэдийн нийлж байгуулсан “Жааг” гэж бие даасан компани үүсэн байгуулагдсан бөгөөд энэ нь явсаар “25 суваг” телевиз болсон биз ээ. Авираа. Залуу зандан явахдаа нэгээхэн үе хамт дөрөө харшсан уран бүтээлийн дотно явсан анд минь юм. Хүний амьдралын зам дардан биш. Ээдрээ нугачаа их. Алдаж эндсэн оносон оноогүй хувь тавилангийн сүлжээ байж л байдаг хорвоо. Энэ дунд Авираа маань өөрийн хөлөг онгоцоо залаад л явсан нэгэн. Өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлдөө эзэн болж түүнээ ухаанаараа босгохдоо, эрх чөлөөг эрхэмлэсэн сайхан эр хүн байжээ гэж санагдана. Чангадаа чанга байсан ч хэн хүн рүү дайрч ноцож хэрэг зарга үүсгэж хэн нэгнийг хэлмэгдүүлэн хохироож явсангүй болов уу. Бодь ухаантай, аядуу хэр нь хэрсүү эр байсан юм уу. Нөхөрлөвөл итгэж чаддаг хүн байж. Манай 80-90 ээд оны телевиз радиогийн сэтгүүл зүйд Монгол өв уламжлал ардын зан үйл хийгээд энгүүн сайхан эх хэлний элбэг сайхан баялагийг үлгэрлэн бий болгосон уран бүтээлч гэж боддог. Бас уран бүтээлийн менежментийг амьдралын ухаанаар бий болгож эхэлсэн анхдагчдын нэг болов уу гэж бодогдоно. Хожим Авираатай 2005-2006 онд сонгуульд нэг баг болон ажиллаж билээ. Зангаа авалцсан бидний хувьд ямар нэг төвөг учралгүй ойлголцоод л ажил амжилттай дуусч байсан. Ялалт байгуулсаны дараа нэг сайн өдөр Авираа бид хэд хойшоо цэргийн амралтад очиж өнжин хонон найрласан юм. Урьд нь дандаа цуг явж зангаа авалцсан хүмүүс хөгжилдөхөд хэрүүл уруулгүй аятай байдаг. Авираа маань нөгөө салдаггүй “Ниссэн Террано”-гоо барьчихсан ирсэн. Тэр машиндаа “ухаангүй”. Нэг удаа хөдөө явж байхдаа ус ихтэй голд ороод таг зогсч. Орой болсон учир тэргээ оролдож зүрхлэлгүй ойр барааны айлд очиж хоножээ. Өглөө эрт хулгаж хулгаж л машин дээрээ очоод нэг дарахад л хүрр гээд асчээ. Баярласан Авираа “Тэнгэртэй шаар шүү” гэж тэргэндээ шүтэж эгээ л хашгираагүй гэдэг. Тэрнээс хойш энэ төрлийн “Ниссан Террано”-гоос холдож чадаагүй нь хүлэг сайн мориндоо аргагүй хайртай монгол эрийн ёсыг хэлбэрэлтгүй дагасан санагддаг. Авираа үнэтэй юм гэхээсээ чанартай юм мэдэж хэрэглэдэг зантай. Чанартай юм үнэтэй л байж таардаг. За тэгээд эр хүний нэг тоглоом наргианд дуртай зан мань эрд үнэхээр байсан юм шүү. Хожим сонсохнээ хөзөрт нилээн хорхойссон сураг байдаг. Эр улсууд мөрийтэй л үзнэ шүү дээ. Авираа маань чангахан мөрийнөөс буцахгүй л эр хүн. Сонгууль сайхан дуусгасан бид хэддээ Авираа хэдэн шил сайн архитай ирж билээ. Гадаадын архи байсан. Тогоо дүүрэн мах чанаж аваад тойрч суугаад шөнөжин инээж ханиаж хөгжилтэй юм яриад хоносон. Тэрнээс хойш уулзаагүй. Тэнгэрт халихынхаа өмнө хоёр байна уу, гурван сарын өмнө ажил дээрээ дууддаг юм байна. Өнөөх ёжтой инээмсэглэлээ тодруулаад:
-Таны “Үнэний мөр” киног үзлээ. Цол нэмж бяр гэж юутай үнэн бэ гэж мөнөөхөн зангаараа хөөрхөн егөж тэрүүхэндээ маг маг инээснээ царайгаа ялдам төлөв болгоод, –Золоо чамайг Балдорж сангийн уран бүтээлийн уралдааны нэг шүүгч болгох гэсэн юм, чи чадна гээд “Үгүй” гэсэн хариу сонсохгүй шүү гэсэн шиг цоо ширтэж билээ. Тэрнээс хойш 3 удаа нүүр тулан уулзалдсан. Тэгээд дахин учрах хувь тохиогоогүй, тэнгэрийн эрх найзыг маань аваад явчихсан юмаа. Авираа маань хүнд бэрх асуудал тулгарвал ямар ч зовлонгүй шийдвэрлэж чаддаг сэтгэлийн их тэнхээтэй “мужик” байв.
Өөртөө итгэлтэй, төрөлхийн бардам, бие сэтгэлийн хат тамиртай тэр эр хүнд өвчинд нэрвэгдэж ядарсан үедээ өөрийнхөө дорой байдлыг хэнд ч үзүүлэхгүй гэсэндээ ялангуяа ойр дотны андуудтайгаа хэнтэй нь ч уулзахгүй хэмээн чандалсаар бурхны оронд одсон доо гэж үй зайгүй анд, ангийн ханагар Ш.Ёолк нь дурссан билээ.
Хүч чадалтай хүн хүний дор ордоггүй | ||
Үзсэн: 4272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.