Шууд Chart

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар Москваг зориход хэдхэн хоног үлдлээ

2018-06-05 09:11:40

ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд ес хоног үлдлээ. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж буй энэхүү тэмцээнд шилдэг 32 баг “Алтан цом” (Алтан дагина)-ын төлөө өрсөлдөх билээ. Монголчуудын хувьд энэ удаагийн ДАШТ онцгой хүлээлттэй байна. Учир нь Монгол хөвгүүд ДАШТ-ий нээлтэд оролцож, улмаар олон улсын хүүхдийн фестивальд оролцохоор болсон юм.

Тэднийг Ш.Эрхэс, Э.Даринчулуун гэдэг бөгөөд өдгөө хөлбөмбөг сонирхогчдод хэдийнэ танил болжээ. Тэд ОХУ-д “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт оролцох шалгаруулалтад тэнцсэн өсвөрийн хөлбөмбөгчид. Тиймээс эх орноо төлөөлөн Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд дэлхийн олон орны хүүхдүүдээс туршлага судалж, Монгол улсаа сурталчлах эрхэм үүрэг эдгээр хөвгүүдэд оногдсон. Одоо тэд хойд хөршийг зориход бэлэн болсон байна.

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар Москва хотыг зорихын өмнө олон арга хэмжээнд оролцсоор байна. Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрөөр хотын түгжрэлээс түр холдож, хөдөөгийн хөвгүүдтэй хөгжилтэйгээр нэгэн өдрийг өнгөрүүлжээ.

Мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадвал хүссэн зорилгодоо хүрч болдгийн нэгэн жишээ болсон Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар олон хүүхдүүдэд урам зориг өгсөөр байна. Тэдний хувьд энэ удаагийн ДАШТ-ий онцлох тамирчид байхаас гадна эх орноо олон улсад сурталчилан таниулан томоохон үүрэгтэйгээр хойд хөршийг зорино.

Дэлхийн орон бүрээс 12 хүртэлх насны хөлбөмбөгч оролцох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестиваль энэ сарын 8-15-нд ОХУ-ын Москва хотод болох юм.

Үеийн нөхдөөсөө шалгарч “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох болсон Э.Даринчулуун “Горилла” багт хагас хамгаалагчаар тоглож, Ш.Эрхэс олон улсын хүүхдийн форумд Монгол орныг сурталчлан, сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан тоглогчийн тухай сурвалжлага бэлтгэх юм.

Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар өсвөрийн (U-12) Улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдгээр тодорч байсан бөгөөд үеийнхэн дундаа ирээдүйтэй тамирчид гэдгээ харуулаад байгаа билээ.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар Москваг зориход хэдхэн хоног үлдлээ  
Үзсэн: 2832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [78.49.147.xxx] 2018-06-06 15:17
Tanaih hulbumbug shuud damjuulah vm uu

Бидэнтэй нэгдээрэй