Шууд Chart

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

2018-06-20 09:20:55

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажилласан бөгөөд ажлын хэсэг төлөвлөгөө гарган хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн болон зарим мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, уулзалт хийсэн хэмээн тэрбээр танилцуулсан юм. Ингээд гаргасан санал, дүгнэлтдээ үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн тайлан, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолын 2 дахь заалтад туссан Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх, давтан сургах төв буй болгож ажиллуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.


Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй